Шууд Chart

Б.Мөнх-Эрдэнэ: Ачааны машинд нуугдсан таван иргэнийг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн

2021-07-26 15:40:25

Энэ талаар Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Замын-Үүд боомтод томилогдсон бүрэлдэхүүн ямар үүрэг, чиглэлээр ажиллаж байгаа вэ?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч М.Цогнэмэхээр ахлуулсан 25 алба хаагч энэ сарын 7-ны өдрөөс хойш гурван нэгж техниктэйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрвөн шалган нэвтрүүлэх цэгт хяналт тавин, явган болон машинтай эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

Эхний шалган нэвтрүүлэх цэг буюу Шаргын овоо хэмээх газар ахлах ахлагч Г.Мөнхболороор ахлуулсан есөн алба хаагч нэг нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа. Тус цэгт Замын-Үүдээр дамжин хилээр орж, гарч буй бүх машин, техник, зорчигчдод УОК-оос олгосон зөвшөөрлийн бичиг болон "PCR" шинжилгээний хариу байгаа эсэхэд хяналт тавихаас гадна хэр их овор бүхий ачаа, тээшийг нэвтрүүлж байгаа зэргийг шалгах үүргийг хүлээсэн. Дээрээс нь боомтоор нэвтэрч буй жолооч нарын хэв журмыг сахиулан ажиллаж байна.

Харин II шалган нэвтрүүлэх цэг дээр ахлах ахлагч Г.Ганганпүрэвээр ахлуулсан зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ цэгт Улаанбаатар хот болон бусад аймгуудаас хилийн боомтоор нэвтрэх гэж буй бүх суудлын болон ачааны авто машиныг тохирох даацаасаа хэтэрсэн үгүйг тогтоох, УОК-оос олгосон зөвшөөрлийн бичгийг шалгаж, хяналт тавин ажиллаж байгаагаас гадна түргэвчилсэн болон "PCR" шинжилгээгээр эерэг гарсан иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч байна. Мөн тус цэгт манай алба хаагч нартай хамтран Дорноговь аймгийн Зам тээврийн хяналтын газар, Авто тээврийн бүртгэлийн газрын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж байна. Гуравдугаар шалган нэвтрүүлэх цэг буюу Гаалийн хяналтын бүсийн хээрийн зам дахь түр шалган нэвтрүүлэх цэгт манай гурван цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд хулгайн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөрчлийг илрүүлж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Хамгийн сүүлийн дөрөвдүгээр шалган нэвтрүүлэх цэг буюу төмөр замын гарам дээрх түр цэгт үлдсэн алба хаагчид байрлан үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь мөн л Замын-Үүд боомт руу нэвтрэх хулгайн замын хөдөлгөөнийг хязгаарлах үүргийг Дорноговь аймгийн цэрэгжүүлсэн алба хаагчидтай хамтран гүйцэтгэж байна. Дээрээс нь шөнийн цагт нэмэлтээр шалган нэвтрүүлэх цэг болон Тэмээтийн хөшөө хүртэлх таван километрийн зайд явган болон машинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Томилогдсон алба хаагчид хэр олон зөрчлийг таслан зогсоогоод байна?

-Энэ сарын 11-ний байдлаар суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан дөрвөн нэгж техник, есөн энгийн иргэний үйлдлийг таслан зогсоогоод байна. Жишээ нь, шалган нэвтрүүлэх цэгийн Хяналт зохицуулагчийн бүлэг 7 дугаар сарын 10-ны 16:30 минутад  Замын-Үүд сумын суурьшлын бүс рүү нэвтрэхийг завдсан таван иргэнийг ачааны машинд нуугдсан байхад нь илрүүлж, зурагжуулан баталгаажуулж, хувийн бичиг баримтыг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Мөн дээрээс нь БНХАУ-ын Эрээний боомтод гацсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгат барилгын материал, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, төрөл бүрийн түүвэр ачаа, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах, Замын-Үүд боомтод бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн дарааллыг багасгах, улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Эрээнээс орж ирсэн ачааг авто машинаас галт тэргэнд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулах Улаанбаатар болон бусад 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулах үүрэг, зорилго дор бүрэн эрхт төлөөлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын томилогдсон бүрэлдэхүүнээс гадна Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Т.Батсайхан зэрэг алба хаагчид удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна.

Эх сурвалж: “Соёмбо” сонин


Б.Мөнх-Эрдэнэ: Ачааны машинд нуугдсан таван иргэнийг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн  
Үзсэн: 31636 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй