Шууд Chart

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

2026-03-27 22:37:36

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.

Чуулганы хуралдаанд 69 гишүүн оролцсон бөгөөд хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал удирдан явуулсан байна. Харин Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаанд оролцоогүй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралдаанд үг хэлэхдээ улс орны эдийн засаг, эрчим хүч, шатахууны хомсдол зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн энэ үед улс төрийн талцал, парламентын гацаа улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм. Тэрбээр төрийн тогтвортой байдлыг хангах, улс төрийн гацааг арилгах шаардлагын хүрээнд Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Засгийн газрын хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, инфляцыг бууруулсан, валютын нөөцийг өсгөсөн, төрийн бүтэц, зөвшөөрлийн тогтолцоонд шинэчлэл хийсэн зэрэг ажлуудыг дурдсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явж болно, харин өөрчлөлт үргэлжлэх ёстой” хэмээн мэдэгдэж, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор илэрхийлэв.

Улмаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь буюу 56 гишүүн дэмжиж, Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжлэх юм.


УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 22 минутын өмнө
Зөөв шидэвэп
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 23 минутын өмнө
Зөөв

Бидэнтэй нэгдээрэй