Шууд Chart

"Дэлхийн нефтийн амин судас" дахин анхаарлын төвд...

2026-03-30 09:58:30

Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед дэлхийн эрчим хүчний чухал гарц болох Ормузын хоолой дахин олон улсын анхаарлын төвд орж байна.

Персийн булангаас Энэтхэгийн далай руу гардаг Ормузын хоолой нь дэлхийн хамгийн стратегийн чухал далайн гарцуудын нэг юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны тооцоогоор өдөрт дунджаар 17-20 сая баррель газрын тос энэ хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд энэ нь дэлхийн нефтийн тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэгтэй тэнцдэг.

Саудын Араб, Ирак, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн томоохон экспортлогч орнуудын нефтийн гол тээврийн зам нь Ормузын хоолой юм. Иймээс бүс нутагт үүссэн аливаа хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлдөг.

Түүхэнд Ормузын хоолой бүрэн хаагдсан тохиолдол байхгүй боловч хаагдах эрсдэл үүсэж байсан хэд хэдэн ноцтой үе бий.

1980-1988 онд болсон Иран-Иракийн дайны үеэр Персийн буланд “танкерын дайн” өрнөсөн. 1984-1988 оны хооронд хоёр тал болон холбоотнууд нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд руу довтолж, 400 гаруй танкер халдлагад өртсөн гэж олон улсын судалгаанд дурдсан байдаг. Энэ үед АНУ болон барууны орнууд Персийн буланд цэргийн хөлөг онгоц байршуулж, нефть тээвэрлэлтийг хамгаалж эхэлсэн.

2011-2012 онд Иранд тавьсан олон улсын хориг арга хэмжээний дараа Тегеран Ормузын хоолойг хаах боломжтой талаар мэдэгдэж, цэргийн сургуулилалт явуулсан. Үүний дараа нефтийн үнэ богино хугацаанд өсөж, дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал үүссэн.

2019 онд Оманы булан болон Персийн буланд нефть тээвэрлэгч хэд хэдэн хөлөг онгоц халдлагад өртсөн нь Ормузын хоолойн аюулгүй байдлыг дахин анхаарлын төвд оруулсан. Зарим тээвэрлэгчид маршрутаа өөрчилж, даатгалын зардал өссөнөөр нефтийн зах зээлд савлагаа үүссэн.

2020 онд АНУ Ираны генерал Касем Солеймани-г устгасны дараа бүс нутгийн хурцадмал байдал дахин нэмэгдэж, Ормузын хоолой хаагдах эрсдэл дахин яригдсан. Энэ үед нефтийн үнэ богино хугацаанд өссөн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолой бүрэн хаагдах тохиолдолд дэлхийн нефтийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлж, эрчим хүчний зах зээлд огцом савлагаа үүсэх эрсдэлтэй. Иймээс Ормузын хоолойг дэлхийн эрчим хүчний “амин судас” гэж нэрлэдэг.

Ойрхи Дорнод дахь өнөөгийн нөхцөл байдал хурцадсан энэ үед Ормузын хоолойн аюулгүй байдал дахин олон улсын анхаарлын төвд орж байна.


"Дэлхийн нефтийн амин судас" дахин анхаарлын төвд...  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй