Шууд Chart

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил 6 хувьд хүрнэ

2021-07-29 11:09:15

Дэлхийн улс орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт эрс ялгаатай байгаа. Ард иргэдийнхээ дийлэнхийг вакцинд хамруулсан орнуудын эдийн засаг амжилттай сэргэж байгаа бол  иргэдээ вакцинд төдийлөн сайн хамруулж чадаагүй буурай орнуудын эдийн засгийн сэргэлт тун удаан байгаад Олон  улсын валютын сан санаа зовниж буйгаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, вакцины ялгавартай байдал баян болон буурай орнуудын хоорондох эдийн засгийн  эрс тэс байдлыг улам томсгож байна гэж тэд үзэж байна.

Тодруулбал, IMF буюу Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төлөвөө мягмар гарагт танилцууллаа. Энэ жил дэлхийн эдийн засаг 6 хувиар тэлнэ гэсэн 3 сарын  өмнөх таамагтаа  өөрчлөлт оруулаагүй байна. Гэхдээ вакцинжуулалт хурдацтай явагдаж байгаа чинээлэг орнуудын эдийн засгийн эргэн сэргэлт  хурдан байгаа бол буурай орнуудад эсрэг үйл явдал өрнөж байгааг сэрэмжлүүлжээ.

Өндөр хөгжилтэй орнуудад вакцинжуулалт 39 хувьтай байгаа бол хөгжиж буй орнуудад 11 хувь, харин бага орлоготой орнууд хүн амынхаа дөнгөж 1 хувийг л дархлаажуулсан гэх тооцоо гарчээ. АНУ-ын эдийн засаг энэ жил 7 хувиар тэлэхээр байгаа  нь өмнөх таамаглалаас 0.6 хувиар өндөр үзүүлэлт юм. Хятадын эдийн засгийн сэргэлт мөн л эрчмээ алдахгүй дүр зураг ажиглагдаж байна.  Их Британийн эдийн засгийн өсөлт мөн урьдчилан таамгаас мөн л давахаар байна.

Дээрх гурван улс коронавирусний эсрэг вакциныхаа хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа. Харин Энэтхэг болон Япон зэрэг вакцинжуулалтын  хурдац тааруу байгаа орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг  3 сарын өмнөхөөс бууруулжээ. Бага орлоготой орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвт ч мөн ижил сөрөг өөрчлөлт орохоор байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил 6 хувьд хүрнэ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй