Шууд Chart

Австрали хүн амынхаа 80 хувийг дархлаажуулсны дараа хилээ нээнэ

2021-08-01 11:57:44

Австрали улс хүн амынхаа 80 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсны дараа хилээ нээж, хорио хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд оны эцэс гэхэд хүн амынхаа 70 хувийг коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамруулах шинэ зорилт тавьж байгааг Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Тодруулбал, 25,6 сая хүн амын 70 хувь нь вакцин хийлгэсний дараа хорио цээрийн дэглэмээ сулруулж, 80 хувь нь вакцинд бүрэн хамрагдсаны дараа хязгаарлагдмал тооны гадаад оюутан, бизнес аялагчдыг хүлээн авч, вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ цар тахлын нөхцөл байдал сайн байгаа орнуудад аялахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байна. Мөн Австралид зөвшөөрөгдсөн коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан гаднын иргэдийг ч хилээрээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор Австралийн хүн амын дөнгөж 18 хувь нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. Австрали нь "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан. Хилээ хаасан хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоогоод байна. Одоогоор Сидней, Брисбен зэрэг хотуудад хөл хорионы дэглэм хэрэгжиж байна.

Австрали нь хүн амын дархлаажуулалтдаа дотооддоо үйлдвэрлэсэн АстраЗенекагийн вакциныг түлхүү хэрэглэж байгаа аж. Гэвч уг вакцины аюулгүй байдалд эргэлзэх байдал иргэдийн дунд өндөр байгаагаас вакцинжуулалтын явц удааширчээ. Мөн Пфайзерын вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байгаа ч хүрэлцээ тааруу байгаа юм. Тус улс цар тахлын дэгдэлтийн эхэн үед хилээ хааснаас үүдэж олон мянган Австраличууд хилийн чанадад гацжээ.

Мөн тус улс хилээ хааж, хүн ам ихтэй том хотуудад хатуу хөл хорио тогтоосны улмаас эдийн засгийн байдал нь тааруу үзүүлэлттэй байна. Дахиад том хотуудад хөл хорио тогтоосноор эдийн засгийн сэргэлтийг удаашруулж магадгүй гэж эдийн засагчид нь таамаглажээ. Гэхдээ Австралийн засгийн газар цар тахлын эсрэг хатуу бодлого барьсны дүнд 25 сая гаруй хүн амтай тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварт тохиолдол нийт 33 мянга гаруй, нас барсан тохиолдол 923 бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали хүн амынхаа 80 хувийг дархлаажуулсны дараа хилээ нээнэ   
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй