Шууд Chart

ХБНГУ “дельта” хувилбараас болгоомжилж хил гаалийн журмаа чангатгаж байна

2021-08-01 12:38:27

Германы засгийн газар коронавирусний вакцин хийлгээгүй аялагчдаас заавал шинжилгээ авч байж хил нэвтрүүлэх журмыг 8 дугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр болжээ. Шинэ журмын дагуу Германд галт тэрэг, автомашин, нисэх онгоцоор ирснээс үл хамааран вакцин хийлгээгүй бүх хүн заавал шинжилгээ өгөх шаардлагатай болж байгаа юм байна.

Тус улсын эрх баригчид зуны амралт зугаалгын улиралд цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаатай уялдуулан шинжилгээний сөрөг хариутай хүнийг хилээрээ нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Аялагч, жуулчдаас хил дээр шинжилгээ авах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулна гэж Германы эрүүл мэндийн сайд шийдвэрээ тайлбарлажээ. Уг журам 12-оос дээш бүх насныханд хамаатай юм байна. Харин хил дамжиж орж ирдэг ажилтан албан хаагчид, Герман улсаар дамжин өнгөрч яваа аялагчдад заавал шинжилгээ өгөх журам үйлчлэхгүй. Мөн коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан болон коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст уг журам хамаарахгүй аж.

Харин Германы улс төрийн зарим намын гишүүд энэхүү журам улс орны аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлнө гэж үзэж, эсэргүүцэж байна. Өмнө нь Герман улсад агаарын тээврээр ирсэн зорчигчид л хил дээр коронавирусний шинжилгээ өгч нэвтэрч байсан, харин автозам, төмөр зам, далайн хөлөг онгоцоор ирсэн зорчигчдоос шинжилгээний сөрөг хариу шаарддаггүй байжээ. Гэхдээ Бразил зэрэг халдварын тархалт өндөр байгаа эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа орнуудаас ирж байгаа зорчигчдод хатуу журам мөрдүүлж байсан, тухайлбал эрсдэлтэй бүлгийн орнуудаас ирсэн зорчигчид коронавирусний вакцин хийлгэсэн ч гэсэн заавал шинжилгээ өгч байсан юм байна.

Германы эрх баригчид энэ удаад хил гаалийн журмаа чангатгасан нь анхдагч вирусээсээ хэд дахин хурдан халдварладаг коронавирусний дельта хувилбарын тархалтаас ихээхэн болгоомжилж байгаатай холбоотой гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ “дельта” хувилбараас болгоомжилж хил гаалийн журмаа чангатгаж байна   
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй