Шууд Chart

Турк улсад ой хээрийн түймэрт 8 хүн амь эрсдээд байна

2021-08-03 12:29:57

Турк улсын өмнөд бүсэд их хэмжээний газар ойн  хээрийн түймэрт өртсөнөөс хойш 5 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд дотоодын төдийгүй олон улсын гал сөнөөгчдийн  баг 120 гаруй түймрийн голомтыг цурманд оруулж, унтраагаад байгаа аж. Гэвч  өөр 10 орчим газар нутагт түймэр ноцсон хэвээр байна. Туркийн өмнөд далайн эргийн бүсэд түймэр гарснаас хойш 8 хүн амиа алджээ.

Хоёр ч мужийн олон арван тосгон, далайн эргийн хотын оршин суугчдыг аюулгүй газар уруу нүүлгэн шилжүүлсээр байна. Тодруулбал, Мугла мужийн Бодрум болон Мармарис гэх хотуудаас жуулчид болон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.  Иргэдийг усан онгоц, завиар аюулгүй бүс рүү тээвэрлэжээ.  Гал түймэр Мугла мужаас гадна Анталья мужийн ард иргэдэд ч аюул, хор хөнөөлийг учруулж байна.

Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийх үедээ бямба гарагт Анталья мужийн Манавгат гэх тосгонд хоёр ч хүн гал түймрийн улмаас амь үрэгдсэн, мөн тухайн бүсэд 10 гаруй хүн түлэгдлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн шинжээчид гал түймрийн зарим голомтыг зориудаар үүсгэсэн байж болох эсэхийг шалгаж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэг сэжигтэнг баривчилсан гэх мэдээлэл ч гарч байна.

Туркийн Эрүүл Мэндийн сайд гал түймрийн үеэр түлэгдэж, гэмтсэн нийт иргэний тоо 27 болоод байгааг мэдээлсэн. Мугла болон Анталья гэх хоёр муж гал түймрийн хамгийн том голомт болоод байгаа. Харин энэ хооронд Туркийн Ой, Хөдөө аж ахуйн сайд улс орон даяар нийтдээ 33 мужид их  бага хэмжээний түймэр гарч, зарим нь унтраагаад байгааг твиттер хуудсаараа мэдээлжээ.

Африкийн умард хэсгээс үүсэлтэй хэт халуун агаар Өмнөд Европыг дайрч, газар дундын орнуудад давхар хэт халалт ажиглагдаж байна. Турк, тус улстай хиллэдэг Европын зүүн өмнөд бүсийн  орнуудад халууны даваа гарагт буюу өнөөдөр 42 градусад хүрэхээр байгаа юм. Дашрамд дуулгахад,  Туркийн зүүн зүгийн Ван мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний ширүүн бороо орж,  мөн л байгалийн аюулт үзэгдэл тохиожээ. Туркийн умард зүгийн нутгаар өнгөрсөн сард үер усны гамшиг тохиох үеэр 6 хүн амиа алдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улсад ой хээрийн түймэрт 8 хүн амь эрсдээд байна   
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй