Шууд Chart

Хүүхдээ хэрхэн унтуулах вэ?

2014-05-19 14:53:06

Нярай хүүхдийн унтах хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй ч хоногт дунджаар 16 цаг байна. Эхний 1.5-2 сар орчим өдөр, шөнийн ялгаа бараг үгүй. Хүүхэд чинь өдөр сайн унтаад харин шөнөдөө илүү урт хугацаанд сэрүүн байх нь хэвийн үзэгдэл. Амьдралын эхний гурван сар шөнөдөө олон сэрэх боловч зөв сургаж чадвал гурван сартайгаас хойш шөнөдөө сэрэлгүй зургаан цаг унтах боломжтой.
 
 Нярай хүүхдийн ходоодны хэмжээ жижиг учир тэд 2-3-4 цагийн зайтай сэрж хөхөө хөхнө. Хугацаандаа хэвийн жинтэй төрсөн нярайг тав хүртэл цаг хөхүүлэхгүй байж болно. Харин дутуу, бага жинтэй төрсөн, тураалтай хүүхдийг гурван цаг болоод өөрөө сэрэхгүй тохиолдолд ч сэрээж хөхүүлэхийг зөвлөдөг. Хүүхдээ гар дээрээ зөөлөн бүүвэйлж, хөхүүлж, угжиж унтуулж болох боловч бүрэн унтахаас нь өмнө, зүүрмэглэж эхлэхэд нь орон дээр тавьж өөрөөр нь унтуулж сургавал сайн. Ингэвэл шөнө сэрэх тохиолдолд хүүхэд өөрөө эргээд унтаж сурдаг. Унтахын өмнө усанд оруулах, бүүвэйн дуу дуулах, иллэг хийх, намуухан хөгжим сонсгох зэргийг аль нэгийг тогтмол хийж сургавал энэ нь хүүхдийг унтах цаг болсныг ойлгоход туслах болно. Арай том болоход нь үлгэр ярих, ном уншиж өгөх, унтлагын хувцас өмсүүлэх зэрэг арга хэмжээг авна. Зарим хүүхэд унтахын өмнө шилээ шөргөөж уйлан тайван биш болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд түүнийг намуухан тайван дуу хоолойгоор ярьж тайвшруулах, соска хөхүүлэх зэрэг аргыг хэрэглээрэй.
 
Хүүхэдтэйгээ өдрийн цагаар байнга ярих, түүнтэй тоглох, эрхлүүлэх ба харин унтахын өмнө тайван байлгавал зохино. Цай, кофе, кока кола ундаанд агуулагддаг каффеин нь хөхний сүүгээр ялгардаг тул эдгээрийг бага ууж жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан каффеин агуулаагүй цай уух нь хүүхдийг тайван унтахад болон хөхний сүүний гарцад сайнаар нөлөөлнө. Нярай, хөхүүл хүүхэд нойрондоо гэнэт цочих, арвагнах, татвалзах, дуу авиа гаргах зэрэг нь хэвийн үзэгдэл болно. Иймд хүүхдийг энэ үед нь сэрээхгүй тайван орхих нь зүйтэй. Шөнө сэрэх үед бүдэг гэрэл асаах, цочмог хөдөлгөөн хийхгүй байх, түүнтэй ярихгүй, аль болох тайван байлгах нь шөнө бол унтах цаг гэдгийг ойлгуулна.
 
 Хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байх нь зүйтэй. Халуун бүгчим орчинд хүүхэд муу унтдаг. Хөхүүл хүүхэд гүн нойрондоо хөлрөх нь хэвийн үзэгдэл юм. Томчууд бидний ихэнх нь өдөр идэвхитэй ажиллаж шөнийг унтаж өнгөрүүлдэг боловч зарим маань шөнө илүү сайн ажиллаж үд хүртэл унтдаг “шар шувуу” байдаг бол зарим нь дөнгөж оройн бүрэнхий болмогц нойр нь хүрч унтаад үүрээр маш эрт сэрж уураг тархины үйл ажиллагаа нь өглөө хамгийн идэвхитэй байдаг “эртэч шувуу” билээ. Тэгвэл хүүхэд ч мөн ийм байх нь ховор биш. Энэ тохиолдолд амьдралынхаа хэв маягийг хүүхдийнхээ нойрны дэглэмд тохируулахаас өөр аргагүй. Хүүхдээ өдөр унтахад нь дагаж унтах, заримдаа ойр дотны хүнээрээ хүүхдээ харуулж өөрөө унтах боломж гаргах, нөхөртэйгээ ажил үүргээ хуваах хэрэгтэй.
 

Хүүхдээ хэрхэн унтуулах вэ?  
Үзсэн: 22877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.185.xxx] 2018-08-21 11:39
Aan

Бидэнтэй нэгдээрэй