Шууд Chart

Ш.Баярмагнай: Байгууллагууд ажилтныхаа цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх, хэрхэн шагнаж урамшуулах журам боловсруулах хэрэгтэй

2021-08-07 10:50:06

-Юун түрүүнд номынхоо нээлтийг хийж буйд тань баяр хүргэе. “HR консалтинг фирм” хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай “HR консалтинг фирм” компани 2017 оноос хойш хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, цөөн ажилтантай байгууллагын хүний нөөцийн алба, ажилтны ажлыг 100 хувь хариуцан ажиллах болон том компаниудын хүний нөөцийн албаны зарим чиг үүргийг хариуцан ажиллах үйлчилгээ, хүний нөөц бүрдүүлэх тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд олдоц багатай мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, байгууллагын удирдлагууд болон хувь хүнд зориулсан сургалт зохион байгуулах гэсэн дөрвөн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд маш олон байгууллагатай ажилласны дийлэнх нь бизнесийн компаниуд. Томоохон байгууллагуудаас нь дурдвал “Номин холдинг”, АПУ, “Таван богд” зэрэг хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК ) байна, олон нийтийн байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Төрийн өмчит албан газраас Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг маш олон байгууллагатай сургалт, зөвлөгөө болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

-“Хүний нөөцийн журмын эмхтгэл” ном ямар агуулгуудыг багтаасан бэ?

-“Хүний нөөцийн журмын эмхтгэл” номонд байгууллагын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ашиглах 18 үлгэрчилсэн загвар багтаж байгаа. Учир нь маш олон байгууллагад хүний нөөцөө хэрхэн сонгож ажилд авах, цалин, шагнал урамшууллаа яаж нэмэх, сахилгын шийтгэлийг ямар нөхцөлд оноох зэрэг нь тодорхой бус байдаг. Энэ тодорхой бус нөхцөлүүд нь тухайн байгууллагад ажилтан тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажиллахад төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг. Нөгөө талд ажил олгогч ажилтнаа өндөр үр дүнтэй ажиллуулахад нь тодорхой хэмжээнд саад болж байна. Тэгвэл дээрх асуудлыг бүрэн шийдэх байгууллагын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ашиглах 18 үлгэрчилсэн журмыг “Хүний нөөцийн журмын эмхтгэл” номонд эмхтгэн оруулсан. Өөрөөр хэлбэл, байгууллага болгонд хэрэгцээтэй байгаа журмуудыг багтаасан учир байгууллагууд өөрийн онцлогтоо тохирсон журмуудыг сонгон авч шууд хэрэглээд явах боломжтой.

Мөн манай компани ирэх долоо хоногоос “Хүний нөөцийн журмын эмхтгэл” номондоо суурилсан сургалтууд зохион байгуулна. Түрүү би хэлсэн энэ номонд маань байгууллагын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ашиглах 18 үлгэрчилсэн журам багтсан байгаа. Эхнийх нь “Байгууллагын дотоод журам”. Жишээлбэл, “Байгууллагын дотоод журам”-ын сургалтад хамрагдаад “Хүний нөөцийн журмын эмхтгэл” номыг ашиглаад дотоод журмаа боловсруулах, сайжруулах боломж олгож байгаа. Цаашлаад манай компаниас зохион байгуулах сургалтуудад хамрагдаж байгууллагадаа сайн үр дүн, өндөр ашиг авчрах журмуудыг шууд боловсруулах боломжтой.

-Байгууллагуудын удирдлагын хүний нөөцийн менежментийн тал дээр гаргадаг түгээмэл алдаануудаас нэгийг нь товчхон дурдаад, хэрхэн засах аргыг хэлж өгөөч?

-Би номынхоо өмнөтгөлд оруулсан хэсгээсээ дурдвал өдгөө зарим байгууллагын удирдлагууд “залуучууд маш тогтворгүй, богино хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарчихдаг” гэж ярьдаг. Гэтэл удирдлагууд өөрсдөд нь асуудал байгааг олж харахгүй байна. Тухайлбал, ажилтныхаа цалин хөлсийг яг хэзээ, ямар гүйцэтгэлийн дараа хэдэн хувиар нэмэх нь, ямар шагнал, урамшуулал өгөх нь тодорхой бус байдаг. Энэ талаар асуухаар “Мэдээж цалинг нь нэмнэ, шагнал урамшуулал олгоно” гэж хэлдэг. Тэгвэл яг боловсруулсан, цаасан дээр хэвлэсэн журам тань хаана байна вэ гэхээр “би бодоод л байгаа” гэдэг. Гэтэл яг үнэндээ ажилтнууд нь даргыгаа юу бодож байгааг мэдэхгүй, тархин доторх бодлыг нь уншихгүй шүү дээ. Тиймээс энэ мэт байгууллагынхаа хүний нөөцийн бүх л менежментийг боловсруулах, цаасан дээр буулгах хэрэгтэй. Учир нь ажилтныхаа цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх, ямар ажлын гүйцэтгэлийн ард цалин хөлсийг нь нэмэх, ямар шагнал урамшуулал олгох зэрэг хүний нөөцийн менежментийн бүх л журмаа цаасан дээр буулгах нь хамгийн шударга, зөв соёл.

1990 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй хүний нөөцийг харахад байгууллагын журам нь тодорхой, ил тод аж ахуй нэгж, албан газарт л ажилтнууд нь урт удаан хугацаанд, өндөр бүтээмжтэй ажиллаж байна. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон гадны хөрөнгө оруулалттай компанид монголчууд тогтвор суурьшилтай өндөр бүтээмжтэй ажилладаг. Мөн гадаадын улсад гадны компанид ч ажиллаж буй залуус өндөр амжилт гаргаж байна. Миний харж байгаагаар тэдгээр гадаадын компаниудын журам нь тодорхой ил тод. Ажилтантай гэрээ байгуулахдаа л журмаа танилцуулчихдаг. Тэр журмынхаа л дагуу ажиллуулдаг.

Харин манай зарим байгууллагад журам нь тодорхой бус болохоор тухайн нөхцөлд залуус өндөр үр дүнтэй, эсвэл тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажиллаж чадахгүй байна. Тэгвэл эдгээр болон бусад асуудлыг бүрэн шийдэхэд манай “HR консалтинг фирм”-ээс эрхлэн гаргаж буй “Хүний нөөцийн журмын эмхтгэл” ном бүрэн тусалж чадна.

-“Хүний нөөцийн журмын эмхтгэл” номыг байгууллагуудын удирдлага болон хүний нөөцийн чиглэлээр ажилладаг ажилтнууд заавал ч үгүй уншиж танилцах хэрэгтэй гэж бодлоо. Мөн энгийн ажилтан, алба хаагч ч ирээдүйд байгууллага удирдахыг үгүйсгэхгүй. Тиймээс бүх л мэргэжлийн хүмүүст зориулсан ном гэж хэлж болох уу?

-Хүний нөөцийн менежмент, стратегийг зөвхөн хүний нөөцийн ажилтан л хийдэг гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл алба нэгж удирдаж буй хүн бүр хүний нөөцийн удирдлага, менежментийн ажлыг хийж байдаг. Жишээлбэл, таван ажилтан удирдаж ажилладаг хүн байлаа гэж бодоход тухайн хүмүүстэйгээ өдөр бүр харьцаж, зааж сургаж, ажлыг нь үнэлэх зэргээр тухайн нэгжийг ахалж буй хүн хүний нөөцийн анхан шатны удирдлага, менежментийн ажлыг хийж байна. Захирал, удирдлага бол бүр тэр чигтээ хүний нөөцийн стратеги, менежментийн удирдлага нь байдаг. Тиймээс нэг хүнийг байсан ч хамаагүй тухайн хүнийг удирдаж, чиглүүлж л байгаа бол “Хүний нөөцийн журмын эмхэтгэл” номыг уншаарай. Учир нь би түрүү хэлсэн “HR консалтинг фирм” маш олон байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн. Тэр бүх компаниудын туршлагыг харьцуулан эмхтгэж, хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ашиглах 18 үлгэрчилсэн журмыг “Хүний нөөцийн журмын эмхтгэл” номондоо оруулсан.

Мөн ажилд орохоор төлөвлөж буй залуучууд ч уншиж танилцаж болно. Жишээ нь ажилтан сонгон шалгаруулж авах процесс хэрхэн явагддагийг энэ номонд оруулсан байгаа. Үүнээс гадна хэрвээ ажилд орсон байгууллага нь дотоод журамгүй байвал байгууллагын дотоод журам боловсруулах ёстойг, тухайн журамд орхигдуулсан, заавал оруулах зүйлсийг дарга удирдлагадаа сануулах, шаардах боломжтой. Ийм мэдлэг ойлголттой залуусыг, ажилтнуудыг маш олноор гарч ирээсэй гэж хүсдэг, тэгсэн тохиолдолд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд шударга систем тогтоно.

 

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ш.Баярмагнай: Байгууллагууд ажилтныхаа цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх, хэрхэн шагнаж урамшуулах журам боловсруулах хэрэгтэй  
Үзсэн: 5452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй