Шууд Chart

Намрыг зураглахуй...

2021-09-16 09:44:27

...Уулын бэлд нөмгөн хоносон манан  өглөөний  нарны шаргал туяанд  аажимхан дээшлэхүйеэ, нөмөрт нь хоргодсон цэцэг навч, ургамал сэлт шүүрс алдан,  усан дусал бөнжигнүүлнэ.

Өрхөө татсан  гэрийн яндангаас цэнхэр утаа суунаглаж,  мөнөөх  манантай хамтад ханьсан тэнгэрийн орноо зорин одно.  Уяан дээр үүрсэх аргамаг хүлэг эзнээ хүлээн  эргэцэхүйеэ, хэт дөрвөн туурай нь газар цавчилан цахилж, чийг даасан хөрс нэгэн агшнаа хатнам.  Тогоотой цай даргилан буцлах хоромд томоогүй жаахан жаал хүү, шүүдрийн дуслуудыг нүцгэн хөлөөрөө  үсчүүлэн  гүйнэ. Наран сөрөг  нүдээ онийлгон байж саравчлах түүний нүүрэнд  ээвэр нарны цацраг инээд тодруулан бүжиглэх аж. Шүүдрийн дусал, нарны цацраг, хүүхдийн жаргал гэрэлтсэн инээмсэглэлтэй сүлэлдэх монгол нутгийн минь намар.

Ирж яваа цагийн өнгө, буцах шувуудын ганганаанд уярч шаргалтана. Энгэр газрын хад чулуу, жаргах нарны илчинд  хоргодон хоргодож  чийг даана. Элдэв амттан жимсээ дааж ядан бөхийх мөчир бутнууд,  сэвэлзэх салхины араншинд  бүгдийг нь даатган сэгсэрч, шинэхэн цасыг хүлээн навч юугаараа хучин бөөцийлнө.  Мяралзан урсах голын  ус, шөнийн сэрүүнд зайрмагтан захлавч өдрийн бүлээн наранд хайлан урсаж, давалгаа юугаа эрчлүүлэн тоглох аж.

Эргээ цохилон эрчилж  цовхчиж байсан  тэр л давлагаанууд  юуг ч юм анирдан, аажимхан урсана. Тарвага зурам ичээндээ бэлтгэж, хулгана хөеөгөө цуглуулан гүйлдэвч, өдрийн нозоорсон наранд өөрсдөө ч мэдэлгүй хөөцөлдөн тоглоно. Хааяа хааяадаа хүйтэн бороо асгаравч, хэн нэгнийг учирлан аргадах мэт  гэнэт зогсож орхих. Байгаль дэлхий хүртэл бие биенээ аргадан, бас бие биенээ бөөцийлөн, ирж яваа цагийг хамтдаа анирдах намар цаг минь.

Намрын улирлыг яагаад өтөл настай жишдэгийг бид мэдэхгүй ч, навчис газар унан салхины аясаар хийсэхүйеэ сэтгэлд хөнгөн гуниг авчирдгийг анзаардаг. Өглөө оройн сэрүүнд жиндэн жихүүцэвч, өдрийн бүлээн наранд мартагнан байж дулаацдаг, сэтгэлдээ бид. "Жихүүн байна даа" гэж хааяа бодовч, жимс амттаны амтанд бялуурч  нэгэн хоромд цадаж, нэгэн хоромд  бүхнийг мартаж орхих.

Жир өдрийн урсан урсах амьдралдаа түүртэвч, жил жилийн энэ улиралд бид заримдаа гунигладаг. Тэнгэрт зэллэх шувуудын ганганаа нутаг сэлгэхийг сануулдаг. Тэгэхдээ нэгэн цагт үр хүүхдийнхээ тухай бодохыг учирладаг.  Тэдний төлөө л өөрсдийгөө алсын алсад одож байгаагаа дуулгадаг.  " Тэд бидний үргэлжлэл болохоор дандаа хайрлаж  байх"ыг  бидэнд  ойлгуулдаг. Тийм болохоор бид намрын энэ өдрүүдэд  хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж хэрдээ тэвдэцгээдэг.  Алс  хол байгаа нь сургалтын төлбөрийг нь илгээж, сэтгэлдээ ерөөж, нүдэндээ нулимс чийглэдэг. Санасан сэтгэлдээ уруул өмөлзүүлэн учирладаг. Тэд ойлгодог эсэхийг мэдэхгүй ч "тэгэх ёстой" гэсэн сэтгэлдээ өөрсдийгөө тайтгаруулдаг.

Сэрүү татсан энэ л намрын өдрүүдэд сэтгэл нэг л гэгэлздэг. Юуг ч юм бэ хүлээхдээ улирч байгаа он жилүүдийн мөрөөдлөө л чагнадаг, нүүдлийн шувууд шиг. Хэн нэгнийг хайрлах сэтгэлийн хатаа шалгадаг, голын зайрмагтсан ус шиг. Тэртээх жилүүдийн сайхан дурсамжаа сэргээдэг, навч нь хийссэн модны мөчир шиг. Тэгэхдээ хааяа нэг мушилзан инээмсэглэдэг, ихэмсэгдүү хэрнээ бардам. Тэр тусмаа өөртөө итгэлтэй бардам байгаагаа мэдэрдэг. Намар цаг ургаж цэцэглэсэн хавар цагийн эхлэл, нарны халуунд шатаж дурласан сэтгэлийн баяр бахадлын  үргэжлэл, насны сор суусан буурьтай цагийн шинж, наснаасаа хамаагүй ахадсан ухаан бодлын тэнхээ. Энэ л өдрүүдэд олон хүмүүс  их зүйлийг боддог. Ирж яваа хариг цагтаа бэлтгэдэг. Хааяадаа "би юу хийж амжив аа" хэмээн өөрөөсөө асуудаг, хатуу хэцүү цагийг "би давж чадах уу?" гэж өөрийгөө шалгадаг.  Хэн нэгнийг хайрлахдаа цэцэгсийн шүүдэр шиг сувдан сондор чийглэдэг. Хэзээ ч мартагдахгүй дурсамжаа бодолдоо өнжөөн аргамждаг.

Ай намар цаг минь, айргийн үнэр хамар цоргиох эхүүн улирал минь. Алдаа бүхнээ аргадан учирлах сэхүүн нас минь.  Анд нэгэндээ ерөөл талбих бардам араншин минь.  Ай намар цаг минь.


Намрыг зураглахуй...  
Үзсэн: 2261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй