Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбаг 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд СОР17 хуралд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсад айлчилж буй хатагтай Мусонда Мумбад сайд Ц.Сандаг-Очир талархал илэрхийллээ.
Тэрбээр дэлхий нийт цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан хамааралтай сорилтуудтай нүүр тулж байгааг тодотгож, ус, намгархаг газрын асуудлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж үзэх боломжгүй болсон талаар дурдав.
Монгол Улсын хувьд ус, намгархаг газар нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр нөлөөтэй байгальд суурилсан шийдлийн нэг учир цөлжилттэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг байх ёстойг онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, хуурайшилт нэмэгдэж байгаа энэ цаг үед усны нөөц болон намгархаг, хүлэрт намгархаг газрын хамгаалал нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудал, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх асуудал болж байна.
Тиймээс COP17 хурлыг даргалагч орны хувьд Монгол Улс нь Рамсарын конвенц болон UNCCD-ийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа тодотголоо.
Монголчууд эртнээс усыг “чандмань эрдэнэ” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн.
Энэ ч утгаараа уламжлал, орчин цагийн шинжлэх ухаан, бодлогын шийдлийг хослуулан усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээхэд ашиглахыг зорьж байгаагаа дурдлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба Монгол Улсыг Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлж, ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс нь 1998 оны 4 дүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулагч тал болсон.
Одоогоор нийт 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой 11 Рамсарын намгархаг газартай.
Эдгээр газрууд нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.
СОР-ын түүхэнд ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг л удаа байгуулж байсан удаатай.
Харин Монгол Улс эх орондоо COP17 хурлыг зохион байгуулж буй энэхүү түүхэн завшааныг ард түмэнтэйгээ хуваалцаж, үзэж, сонирхох бүхий л боломжоор хангахыг хүссэн юм.
Тиймдээ ч "Ногоон бүс" байгуулах санал, хүсэлтээ Конвенцын талд уламжилсан юм.
Энэ дагуу Монгол Улс нь Конвенцын түүхэнд хоёр дахь удаагаа "Ногоон бүс" байгуулсан улс боллоо.
Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн тус бүсэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны 60 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж байна.
Хурлын 12 өдрийн туршид 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна кино үзвэр, соёлын биет болон биет бус өвийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байгааг дуулгахад таатай байна.
Аливаа ажлыг хамтарч хийвэл тооцоолсноос илүү үр дүнд хүрдэг.
Үүний тод жишээ нь СОР17 хурал. Тус хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газраас эхлээд төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынхан бүгд хамтран ажилласан.
Тухайлбал, Нийслэлийн харъяа бүх газрууд COP17 хурлын дэд бүтцээр гадна "Ногоон бүс"-ийн зохион байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэсэн юм.
Хамтын хүчээр боссон энэхүү бүсийг одоогоор 2 мянга орчим иргэн үзэж сонирхсон гэх албан бус тоо байна.
Цаашдаа энэ тоо өсөж, дагаад иргэдийн СОР-ын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэх нь дамжиггүй.
Ногоон бүс нь зөвхөн арга хэмжээ, үзэсгэлэнгийн талбай биш гэдгийг нотолсон нэгэн сайхан үйл явдал "Ногоон бүс"-ийн нээлтийн үеэр боллоо.
Энэ нь "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" гэсэн UNCCD COP17 хурлын албан ёсны уриаг Монгол Улсын "Ногоон бүс"-ийн албан ёсны уриа болгож байгаагаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн хэлтсийн дарга Ксеня Сканлон нээлтийн үеэр мэдэгдлээ.

| СОР-ын түүхэнд ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг л удаа байгуулж байсан удаатай | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.