Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын төсөл хэрэгжүүлэгч WOSEM ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жон Жэ Хүн, “Кёнпүк үндэсний их сургууль”-ийн профессор Чу Гыл Жэ, багш Жан Чол нарыг хүлээн авч уулзлаа.
Малын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 онд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төслийг Монгол улс амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн 2 дахь үе шат болох “Бод малын эмнэлэг байгуулах” төслийн саналыг ХХААХҮЯ-ны зүгээс дэмжин ажиллаж буйтай холбоотойгоор хоёр талын төлөөллүүд уулзалт хийж төслийн хэрэгжилтийн асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол малын эрүүл мэндийг сайжруулахын зэрэгцээ нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар батлагдсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх тухай 100 дугаар тогтоолын хэрэгжилттэй уялдуулах, бод мал тэр дундаа адууны эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, эмчилгээ, оношилгоо, үржлийн менежментийг боловсронгуй болгох, улмаар Монгол адууны генфондыг хамгаалах чиглэлээр “Бод малын эмнэлэг байгуулах төслийн саналын талаар ярилцаж, төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хамтран ажиллахаар тохирсон юм.




| “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.