Шууд Chart

Умард Солонгос дахин баллистик пуужингийн туршилт хийлээ

2021-09-17 09:46:35

Умард Солонгос улс дахин баллистик пуужингийн туршилт хийсэн талаар Японы өөрийг хамгаалах хүчний эх сурвалжууд мэдээллээ. Пхеньяны туршсан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, Японы засгийн газраас өгсөн мэдээллээр Умард Солонгосын харвасан пуужин ойролцоогоор 750 км зайд 100 км-ийн өндөр хөөрч унасан байна. Сүүлд 2019 оны 10 дугаар сард БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулж тус пуужин нь мөн л Японы эдийн засгийн онцгой бүсэд далайд унаж байсан юм. Тэгвэл Умард Солонгосын Нодон Синмун сонинд энэ талаар мэдээлэхдээ тус улсын зэвсэгт хүчин лхагва гарагийн өглөө төмөр замаас галт тэрэгнээс пуужингийн туршилт хийсэн талаар нийтэлжээ.

Гэхдээ ямар ангиллын пуужингийн туршилт байсныг болон энэ үеэр удирдагч Ким Жон Ун байлцсан эсэх талаар Пхеньяны талаас мэдээлээгүй байна. Үүнтэйгээр холбогдуулан Франц болон Эстон улсын хүсэлтээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлаж хуралдуулсан юм. Ингэснээр энэ оны 3 дугаар сараас хойших зарлагдаж байгаа Умард Солонгосын пуужингийн туршилтын талаар хэлэлцэх анхны шуурхай хуралдаан болжээ.

НҮБ дахь Францын суурин төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Умард Солонгосын пуужингийн туршилт хийсэн явдлыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн мөн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхий нийтийн аюулгүй байдал заналхийлсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд энэ асуудлаар хэлэлцэхээ цохон тэмдэглэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад нөлөөлөх цорын ганц алхам бол дипломат харилцааны замаар асуудлыг шийдвэрлэх гэж мэдэгдсэн байна.

Ингэхдээ БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах чиглэлээр бүх талуудтай ярилцаа хэлэлцээ хийх ёстой гэжээ. Үүнээс гадна Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Пхеньяны сүүлд хийсэн пуужингийн туршилтын дараагаар уулзалт зохион байгуулсан юм. БНСУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Хятадын хамтын ажиллагаа нэн чухал гэх байр суурийг баримталж байгааг Өмнөд Солонгосын талаас мэдээлжээ.

Гэхдээ БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудлаар Хятадын гадаад харилцааны сайд Ван И хараахан ямар нэгэн тайлбар хийгээгүй гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг дамжуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос дахин баллистик пуужингийн туршилт хийлээ  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй