Шууд Chart

Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ

2021-09-18 13:26:16

ОХУ-д өчигдрөөс Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ. Санал хураалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд улс төрийн 14 нам энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна. Думын сонгууль холимог системээр зохион байгуулагдаж байгаа.

Холбооны намуудын нэрсийн жагсаалтад 3812 нэр дэвшигч бүртгэгдсэн байгаа бол нэг мандаттай тойрогт 2020 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ дагуу холбооны сонгуулийн нэг тойрогт 17, нэг мандаттай тойрогт 9 нэр дэвшигч өрсөлдөж байгааг Оросын сонгуулийн төв хорооноос мэдээлсэн юм.

Төрийн думын энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг коронавирусний цар тахлаас болж гурван өдөр зохион байгуулахаар болсон юм. Олон өдөр санал хураалт зохион байгуулах аргыг 2020 оны зун ОХУ-ын Үндсэн хууль дахь нэмэлт өөрчлөлттэй холбоотой бүх нийтийн санал хураалтыг явуулахдаа анх ашиглаж байсан.

Санал авах үндсэн өдрийг ирэх ням гараг гэж товлосон бол 17, 18-ныг санал авах нэмэлт өдрүүд гэж тодорхойлсон байна. Санал авах анхны хэсэг хороод цагийн зөрүүтэй холбоотойгоор Камчаткийн хязгаар, Чукоткийн автономит тойрогт түрүүлж үүд хаалгаа нээсэн. Сонгогчдын саналыг орон нутгийн цагаар өглөө 08-аас орой 20:00 хүртэл авах юм байна.

Сонгогчид Төрийн Думын нийт 450 гишүүнийг сонгоно. Тэдгээрийн 225 нь нэг мандаттай тойргоос, үлдсэн 225 нь холбооны сонгуулийн тойрогт улс төрийн намуудын нэрсийн жагсаалтаар сонгогдох юм. Мөн Төрийн Думын сонгуулиас гадна Хабаровск, Чечень, Тверь Туль зэрэг Холбооны хэд хэдэн бүс нутгийн удирдах дээд албан тушаалтнуудын сонгууль болж байна.

Түүнчлэн нийт 39 бүс нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нийт иргэддээ хандаж Төрийн Думын сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалсан байна. Тэрбээр тус улсын үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа парламентын бүрэн эрх өргөжсөн учир энэ удаагийн сонгууль нийгэм, улс орны амьдрал дахь чухал үйл явдал гэдгийг онцолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй