Шууд Chart

Кабулд өгсөн цохилтын үеэр энгийн иргэд үрэгдсэнд Пентагоны тэргүүн уучлал хүслээ

2021-09-19 09:12:40

Өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр АНУ-ын цэргүүд нисгэгчгүй онгоцоор Кабулд цохилт өгч, үүний улмаас энгийн иргэдийн  амь нас хохирсон. Тэгвэл Пентагоны тэргүүн Ллойд Остин энэ үйлдэлдээ Кабулын иргэдээс, тэр дундаа амиа алдсан энгийн иргэдийн ар гэрээс уучлал хүсч, алдаагаа дахин давтахгүй гэж мэдэгдлээ.

Тодруулбал, АНУ-ын өгсөн цохилтын улмаас 10 энгийн иргэн, тэдгээрийн дотор 7 бага насны хүүхэд үрэгдсэн тухай өмнө нь Талибууд мэдэгдэж байсан билээ.  АНУ -ын цэргүүд Кабулаас гарах ажиллагаатай зэрэгцэн Хамид Карзайн нэрэмжит Кабулын олон улсын нисэх буудалд удаа дараагийн террорист халдлагууд гарч энгийн иргэдэд заналхийлсээр байсан юм. Гэвч Исламын улс бүлэглэлтэй тэмцсэн ажиллагаа нь бүтэлгүйтэл дагуулж, гэм зэмгүй иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүдийн аминд хүрсэн нь Талибанчуудын болон олон улсын шүүмжлэлийг хүлээсэн юм. Талибанчуудын зүгээс АНУ-ын цэргүүд тэсрэх бодис ачсан машиныг биш, харин буруу байг онилсон учраас тэдний ажиллагаа бүтэлгүйтэж энгийн иргэдийн хохироосон хэмээн мэдэгдэж байсан.

Бямба гарагт Пентагоноос хийсэн мэдэгдэлд Исламын улс бүлэглэлийн тэсрэх бодис ачсан “бай” мөн байсан эсэхийг 100 хувь нотолж чадаагүй ч, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд энгийн иргэд хохирсон нь үнэн болохыг тогтоосон гэлээ.

Энэ талаар АНУ-ын цэргийн төв командлалын генерал Франк Маккензи, "Наймдугаар сарын 29-нд Кабулд хийсэн цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан үйл явдлын мөрдлөгийн үр дүнг товч танилцуулах гэж байна. Байгууллага хоорондын түншүүд хамтран хийсэн шинжилгээний дүнд 10 энгийн иргэн, түүний дотор долоон хүүхэд харамсалтайгаар амиа алдсан нь тогтоогдсон. Нас барсан иргэд Исламын улс бүлэглэлтэй ямар ч холбоогүй, мөн  АНУ-ын цэргүүдэд аюул заналхийлээгүй нь тогтоогдлоо. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.  Бид Кабулын иргэдэд аюул занал учруулахаас урьдчилан сэргийлж чадна гэсэн чин сэтгэлийн үүднээс энэ ажиллагааг явуулсан юм шүү. Армийн командлагчийн хувьд энэ эмгэнэлт явдлын үр дагаврыг би өөрөө бүрэн хариуцах болно." гэжээ.

Сануулахад, өнгөрсөн  8 дугаар сарын 31-ний шөнө АНУ-ын цэргүүд Кабулыг орхиж, 20 жилийн үргэлжилсэн цэргийн ажиллагаагаа дуусгавар болгосон юм. Гэхдээ АНУ-ын зүгээс хүлээсэн үүргээ биелүүлж, террорист бүлэглэлийн ямар ч заналхийлэлд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кабулд өгсөн цохилтын үеэр энгийн иргэд үрэгдсэнд Пентагоны тэргүүн уучлал хүслээ  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй