Шууд Chart

НҮБ-ын тэргүүн дэлхий нийт ангалын ирмэгт зогсч байгааг дахин анхаарууллаа

2021-09-23 10:17:34

Энэ даваа гарагт эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар  чуулганы  Ерөнхий  санал  шүүмжлэлийн үеэр уламжлал  болж тогтсон хуваарийн дагуу эхний  өдөр дэлхийн 19 орны төр, засгийн тэргүүн нар олон  улсад  болон  улс орныхоо  дотоодод  тулгамдаж  байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдэл  гарцуудыг санал болголоо. "Ковид  19"-ийн цар тахлаас шалтгаалж БНХАУ, Чили, Словак зэрэг зарим орны удирдагчид урьдчилсан Ерөнхий санал  шүүмжлэлд  биечлэн оролцож чадаагүй. Тиймээс тэдний мэдэгдлийг НҮБ-ын танхимд дүрс бичлэгээр дамжуулсан байна.

Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу  Гутерриш нээж үг  хэлсэн. Түүний хэлсэн үгний  гол  санаа, мэссэж нь аюул заналхийлэл, талцал  хуваагдлаас болж дэлхий нийт  өнөөдөр ангалын ирмэг дээр зогсч  байгааг  анхааруулж дэлхийн удирдагчдад хандаж сэхээрч ухааран зөв чиглэлд алхах цаг болсныг  сануулахад  чиглэгдэж байлаа. НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Коронавирусний цар  тахал   тэгш  бус байдлыг  улам гүнзгийрүүлж, дэлхийн дулааралтай тэмцэхэд  чиглэгдсэн Парисын гэрээний цонх  хаагдан эх  дэлхийд уур  амьсгалын хямрал  улам ихээр  нүүрлэж  байгааг   анхааруулсан. Мөн үл  итгэлцэл,  геополитикийн  тогтворгүй байдлын  уршгаар шинэ  цар тахал дэгдэж  дэлхий нийтэд  аюул  заналхийлэл  учруулж  байгааг цохон тэмдэглэсэн  юм. 

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш: Энэ  эриний  шинэ  сорил  бэрхшээлүүдийн өмнө  бид эв нэгдлийн замаар явахын оронд   эвдрэл  сүйрлийн  мухардал  руу чиглэн  явж  байна.  үүнээс гадна  дэлхий дахинд  үл  итгэлцэл гэдэг   өөр  нэгэн  өвчин тархаад  байна. тиймээс олон улсын  хамтын  нийгэмлэг  санал  зөрөлдөөнөө арилгаж,  энх тайван,  дэлхийн дулаарал, хөрөнгө, хүйс,  тоон орон зай дахь   цоорхойнуудаа  бөглөж  хамтарч нэгдэн,  харилцан  итгэлцлээ бэхжүүлж  олон  талт  хамтын  ажиллагааны   бамбарыг дахин  асаан  сайн  сайхан  ирээдүйг  цогцлоохын  төлөө  хичээж чармайх  хэрэгтэй  байна. 

НҮБ-ын тэргүүн мөн   цар тахлын  эсрэг  хийж  буй тэмцэл,  тэр  дундаа  дэлхийн хэмжээнд  өргөн  хүрээтэйгээр өрнөөд байгаа  коронавирусний  эсрэг вакцинжуулалтын аяны талаар  онцлон хөндсөн. Өнөөдөр  олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд маш  богино хугацаанд "Ковид 19"-ийн эсрэг вакцинуудыг гарган  авсан  нь  хүн  төрөлхтний хувьд томоохон ололт, ялалт болсон. Гэвч  чинээлэг орнуудын нийт  хүн амын ихэнх нь дархлаажуулалтдаа хамрагдсан байгаа энэ цаг үед Африкчуудын  90 гаруй хувь нь эхний тунгаа  ч авч чадахгүй байгаа нь  хувиа хичээсэн хандлага гаарч,  улс төрийн зүрх  зориг  алдагдсаны  илэрхийлэл хэмээн  шүүмжилж байлаа. Үүнтэй  холбоотойгоор  тэрээр  дэлхий нийт шинжлэх ухааны  шалгалтаа  онц  өгсөн ч  ёс зүйн  шалгалтдаа  уначхаад  байна хэмээн тодорхойлсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн дэлхий нийт ангалын ирмэгт зогсч байгааг дахин анхаарууллаа  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй