Шууд Chart

Жозеф Байден: АНУ олон талт хамтын ажиллагаанд түшиглэн олон улсын аюул заналхийллийн эсрэг тэмцэнэ

2021-09-23 10:47:33

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы  энэ удаагийн Ерөнхий санал  шүүмжлэлд Жозеф  Байден АНУ-ын  төрийн тэргүүний хувиар анх удаагаа оролцож хэлсэн үг яах  аргагүй олон улсын анхаарлын  төвд  байлаа.

Цагаан  ордны  тэргүүн  энэ  мэдэгдлээрээ  шинэ засаг захиргааных нь бодлого үйл  ажиллагаа  экс  Ерөнхийлөгч  Дональд  Трампынхаас  үндсээрээ  ялгаатай байхыг  олон улсад  тодорхой  илэрхийлсэнд тооцогдож  байна. Тэрбээр,  АНУ  олон  талт  хамтын  ажиллагаанд түшиглэн  дэлхий нийтийн  аюул  заналхийллийн эсрэг тэмцлийн  тэргүүн эгнээнд зогсох  болно  гэдгийг  онцлон мэдэгдсэн  юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг дипломат  шинэ эринийг тунхаглалаа  хэмээн олон улсын ажиглагчид тодорхойлж  байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: Бид  шинэ  хүйтэн  дайн  хийж  дэлхий нийтийг талцуулж  хуваахыг чармайхгүй. АНУ нэгдсэн сорил  бэрхшээлүүдийг энхийн  аргаар  шийдэхийг эрэлхийлж байгаа бүхий л  улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Өөр асуудлуудаар санал зөрөлдөөнтэй байсан ч бид коронавирусний цар тахал, уур  амьсгалын өөрчлөлт, цөмийн  зэвсэг дэлгэрүүлэх гэх мэт аюул заналхийллийн эсрэг  гэсэн хамтдаа  тэмцэх ёстой.  үгүй бол нэгдэж  хамтарч  чадаагүйнх ээ  үр  дагаврыг  бид   бүгдээрээ амсах  болно.

Үүний зэрэгцээ тэрбээр Вашингтон шаардлагатай тохиолдолд цэргийн хүч хэрэглэхэд бэлэн хэвээрээ гэдгээ сануулж байлаа. Гэхдээ  үүнийгээ хамгийн сүүлчийн арга хэрэгсэл байх болно гэдгийг тэмдэглэн хэлсэн  юм. Мөн Ираны цөмийн хөтөлбөр, Ойрхи Дорнодын хямрал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон улсад  тулгамдсан асуудлыг  шийдэхэд  чиглэгдсэн Вашингтоны санал санаачлагыг  танилцуулсан.  

Жишээ нь,  Иран  гэрээний үүргээ биелүүлбэл цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Израиль, Палестин гэсэн 2 улс зэрэгцэн орших нь хямрал мөргөлдөөнийг шийдэх цорын ганц  арга зам гэж үзэж  буйгаа илэрхийлсэн. Харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэхэд  хөгжиж  буй орнуудад үзүүлж буй дэмжлэг тусламжаа 2 дахин нэмэгдүүлэхээ амлалаа.

Мөн  маргааш  зохион байгуулах коронавирусний эсрэг цар тахалтай тэмцэх асуудлаарх цахим дээд уулзалт дээр АНУ  тодорхой үүрэг амлалт  авахаа зарласан юм. Энэхүү дээд уулзалтаар коронавирусний эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах тухай онцгойлон хөндөж  хэлэлцэхээр  төлөвлөж  байгаагаа Ерөнхийлөгч Байден мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден: АНУ олон талт хамтын ажиллагаанд түшиглэн олон улсын аюул заналхийллийн эсрэг тэмцэнэ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй