Шууд Chart

Германы канцлерт нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээн боллоо

2021-09-25 09:32:56

Германд есдүгээр сарын 26-ны өдөр Бундестагийн ээлжит сонгуулийн санал хураалт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Бундестагт суудалтай улс төрийн бүх намын тэргүүн оролцсон телевизийн халз мэтгэлцээн болж өнгөрлөө.

ARD болон ZDF олон нийтийн телесувгаар шууд дамжуулсан энэхүү мэтгэлцээний үеэр хөндсөн гол сэдэв нь аюулгүй байдал, батлан хамгаалах бодлоготой холбоотой байлаа.

Халз мэтгэлцээнд Германы томоохон 6 намын удирдагч, түүний дотор Холбооны канцлерт өрсөлдөж байгаа гол гурван нэр дэвшигч оролцсон юм. Тодруулбал, Социал демократ намын Олаф Шольц, Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо нам блокийн тэргүүн Армин Лашет, Ногоон намын төлөөлөл Анналена Бербек нар юм.

Гэхдээ Армин Лашет, Олаф Шольц нарын рейтинг ойролцоо байгаа учир тэднийг 16 жилийн туршид засгийн эрхийг барьсан Ангела Меркелийн халааг авах хамгийн өндөр магадлалтайд тооцож байна. Гэхдээ сүүлийн санал асуулгын дүнгээр Социал демократ намынхан 25 хувь, Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо блок 22 , Ногоон нам 16 хувийн рейтингтэй эхний гурван байрт жагсаж байна.

Германд төлөөллийн ардчилалтай. 2002 оноос хойш ХБНГУ-ын парламент буюу Бундестаг хамгийн багатай 598 гишүүнтэй байх болсон. Бундестагийн гишүүдийг холимог системээр сонгодог. Тодруулбал, 299 гишүүнийг нь нэг мандаттай тойргоос, үлдсэнийг нь намуудын нэр жагсаалтаар сонгодог юм.

Намууд сонгогчдын 5 хувийн санал авч байж Бундестагт суудалтай болох ёстой. Тиймээс Үндсэн хуульд нь зааснаар 18-аас дээш настнууд сонгуулийн эрхтэй бол сонгогч бүр хоёр саналын эрхтэй. Нэгдүгээрт нь тодорхой 1 нэр дэвшигчийг дэмжин саналаа өгөх бол хоёрдугаарт нь аль намыг дэмжихээ илэрхийлэх эрхтэй.

Германы Засгийн газрын тэргүүн буюу канцлерийг Бундестагийн гишүүдийн саналаар сонгодог. Тиймээс парламентын сонгуулийн дараагаас намуудын яриа хэлэлцээ эхэлж танхимын гол суудлын төлөөх өрсөлдөөн эхэлдэг гэж болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы канцлерт нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээн боллоо  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй