Шууд Chart

Михаил Саакашвили эх орондоо эргэн ирж, Гүржийн улс төрийг өөрчлөхөө амлалаа

2021-09-25 13:40:44

Ирэх аравдугаар сард Гүржийн орон нутгийн засаг захиргааны сонгууль болно. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили эх орондоо эргэн ирж, Засгийн газраа өөрчлөн байгуулах хүсэлтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн дэмжигчдэдээ хандан "Урьд нь амласан бүхнээ биелүүлэх цаг иржээ. Хэрэв Гүржийн ард түмэн идэвхтэй байвал Миша бүхнийг өөрчлөхөд бэлэн. Ердөө хэдхэн хоног үлдлээ" гэсэн байна.

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг тус улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан бөгөөд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Гүржийн эрх баригчид түүнийг буцаж ирэхээ мэдэгдсэний дараа хил давахад нь шууд баривчилна гэсэн хариу өгчээ.

2003 онд Гүржид өрнөсөн “Сарнайн хувьсгалын” удирдагч тэрбээр засгийн эрхэнд байхдаа яам, агентлаг, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нэмж байсан юм.

Мөн төрийн өмчийн байгууллага, төрийн мэдэлд байсан газруудыг хувьчилж “Саакашвили маягийн ардчилал” руу Гүржийг хөтөлсөн гэж улс төр шинжээчид дүгнэдэг. Харин тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа 2014 онд буусан бөгөөд үүнээс хойш Украинд амьдарч эхэлсэн байдаг.

2014 онд Украинд төрийн эрх солигдоход “Евромайдан” хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байсан бөгөөд Украины Одесс мужийн захирагчийн алба, Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Энэ үед тэрбээр Украины иргэншил авч Гүржийн иргэншлээс татгалзаж байсан.

Гэхдээ тун удалгүй буюу жилийн дараа бүх албан тушаалаасаа бууж, харин 2018 онд Украины иргэншлээ хураалгасан байна. Михаил Саакашвилиг Украинаас хөөгдөн гарсны дараа тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялалт байгуулснаар эргээд Украины иргэншлийг авч байжээ.

Одоо харин тэрбээр эх орондоо ирж Гүржийн Засгийн газрыг өөрчлөн байгуулах ажилд оролцохоо мэдэгдсэн нь Саакашвилигийн “дахин шинэчлэлт” эхэлж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Михаил Саакашвили эх орондоо эргэн ирж, Гүржийн улс төрийг өөрчлөхөө амлалаа  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй