Шууд Chart

“Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу суллагдлаа

2021-09-26 10:40:15

“Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг Канадын шүүхээс суллах шийдвэрийг гаргалаа. Хариуд нь БНХАУ-ын тал тус улсад тагнуулын хэргээр ял эдэлж байсан Канадын хоёр иргэнийг суллаж эх орон луу нь илгээсэн байна.

Мэн Ванжоуг АНУ-аас Иранд авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж, 2018 оны 12 дугаар сард АНУ -ын хүсэлтээр Канадын Ванкувер хотын нисэх онгоцны буудлаас баривчилсан юм. Энэ хугацаанд тэрбээр 10 сая долларын батлан даалтад гарч, хяналтын GPS бугуйвчтай  гэрийн хорионд байв. Баасан гарагт АНУ-ын Хууль зүйн яам түүнд оноосон ял шийтгэлийг 2022 оны эцэс хүртэл хойшлуулах гэрээг холбогдох талуудтай байгуулжээ. 

Хэрэв Мэн Ванжоу энэхүү гэрээний заалтыг биелүүлбэл  АНУ-ын Засгийн газар түүнд оноосон хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мэдэгдсэн байна. “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоугийн ял шийтгэлийг  хойшлуулсан нь түүнийг эх орондоо буцаж ирэх боломжтой болгосон байна.  

"Huawei" компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу: "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний амьдрал орвонгоороо эргэсэн. Ээж, эхнэр, компанийн захирлын миний хувьд үнэхээр үнэлж баршгүй туршлага боллоо.  Бас надад урам хайрлаж байсан бүх хүнд талархаж байна. Хүнд хэцүү даваа бүхэн хүний амьдрал улам их өсөлтийг өгдөг гэдэгт итгэж байна.

Мөн БНХАУ-д тагнуулын хэргээр ял эдэлж байсан Канадын иргэд болох Майкл Спавор, Майкл Коври нар суллагдаж эх орондоо буцаж байна гэж Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо: Канадын засгийн газар иргэдээ  гэрт нь авчрахын тулд сүүлийн хоёр жилийн турш уйгагүй зүтгэлээ. БНХАУ-д суугаа манай элчин сайд Доминик Бартон, болон дипломатуудын гүйцэтгэсэн үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэе. Баярлалаа. Бүх Канадчууд өнөө орой хоёр иргэнээ гэртээ ирж байгааг нь харах болно.

2018 оны 12 дугаар сард БНХАУ-ын эрх баригчид тус улсад тагнуул хийсэн хэмээн Майкл Коври, Майкл Спавор нарыг хорьсон бөгөөд “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг баривчилсны хариуд ийм арга хэмжээг авч байна гэж барууны хэвлэлүүд бичиж байсан юм.

Мөн БНХАУ болон АНУ-ын хоорондоо үл ойлголцол МэнВанжоугийн хоригдсон асуудал нь хоёр улсын хооронд өрнөсөн худалдааны дайнтай холбоотой бөгөөд энэ бол цэвэр улс төрийн үйл ажиллагаа гэж тухайн үед шинжээчид тайлбарлаж байв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу суллагдлаа   
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй