Шууд Chart

Европын холбоо ОХУ-д тавьсан химийн зэвсгийн эсрэг хоригийг дахин сунгахаар боллоо

2021-09-28 13:25:38

Европын холбооны зүгээс химийн зэвсгийн эсрэг ОХУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлэн сунгахаар боллоо. Европын холбооноос 2018 онд Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нарыг "Новичок"-т хордсоны дараа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Европын холбооноос ОХУ-д авсан хориг 2021 оны аравдугаар сарын 16-нд дуусах байсан юм. Гэхдээ тус холбоо 2018 оноос хойш хоригийн хугацааг жил, жилээр сунгасаар байна. Харин олон улсын ажиглагчид ОХУ эргүүлээд НАТО-гийн орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэж харж байгаа юм.

Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад химийн зэвсгийн эсрэг хориг арга хэмжээг сунгах тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй зүйлсийн жагсаалтад оруулсан байна.

Заавал хурал дээр хоригийг сунгах эсэхийг хэлэлцэхгүйгээр хоорондоо тохиролцоод шийдсэн асуудал гэж ОХУ-ын шинжээчид үзэж байгаа юм. Харин ОХУ-ын эсрэг авч байгаа хориг Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр үргэлжлэх болно.

Энэ хориг нь Европын холбооноос химийн зэвсэг бүтээх, мөн ашиглахад оролцоотой гэж үздэг хувь хүн, албан байгууллагуудын эсрэг авдаг хориг арга хэмжээ юм.

Европын холбооны Химийн зэвсгийн эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад одоогоор 15 хүн багтаж байна. Үүнээс тав нь Сирийн эрх баригчидтай холбоотой, дөрөв нь 2018 онд Сергей Скрипаль болон Юлия Скрипаль нарыг "Новичок" хороор хордуулсан гэх хэрэгтнүүд юм.

Мөн ОХУ-ын сөрөг хүчний идэвхтэй Алексей Навальныг хордуулсан явдалтай холбоотой хоёр байгууллага багтаж байна. Гэхдээ ОХУ Сергей Скрипаль болон Алексей Навальный нарыг хордуулсан гэх нотлох баримт одоогоор байхгүй.

Мөн тус улсаас тэднийг химийн зэвсгээр хордуулсан үйлдэлд холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа юм. Эдгээр үйл явдал нь ОХУ-ын нэр хүндийг олон улсад гутаах зорилготой өдөөн хатгалга мөн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-д тавьсан химийн зэвсгийн эсрэг хоригийг дахин сунгахаар боллоо  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй