
Испанийн Ла Палма аралд “Cumbre vieja” галт уул гурван долоо хоногийн турш дэлбэрч, халуун лаав нь Атлантын далай руу цутгасаар байна. Тэгвэл ням гарагт Ла Пальмад газар хөдөлснөөс галт уулын хойд хэсэг нурж, гурван давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээтэй лаав түрэн урссан аж.
Испанийн Үндэсний геологийн хүрээлэн мэдээлж байгаагаар Мазо, Фуэнкалиенте, Эль Пасо тосгонд 3.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэжээ. Галт уулнаас гарсан лаав одоогоор 493 га газрыг хамраад байна. Атлантын далай руу цутгасаар байгаа галт уулын лаав “гидромагматик” дэлбэрэлт үүсгэж болзошгүй хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ галт уулын дэлбэрэлтийн явцыг урьдчилан таамаглах аргагүй. Өнгөрсөн 9 дүгээр сарын 19-нд тус галт уул дэлбэрснээс хойш олон салаалан урсч байгаа халуун лаав одоогоор 1186 барилга байгууламжийг сүйтгэсэн хэмээн Канарын арлуудын галт уул судлалын хүрээлэнгээс мэдэгджээ.
83 мянга орчим оршин суугчтай Ла Палмаас одоогоор 6 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Ла Палма аралд хамгийн сүүлд 1971 онд буюу 50 жилийн өмнө галт уул дэлбэрснээс хойш ийм хэмжээний гамшиг тохиогоогүй байсан. Галт уул дэлбэрэхийн өмнөх долоо хоногт оршин суугчдад чичиргээ мэдэгдэж байсан тул тус нутгийн оршин суугчид бэлтгэл өндөр байж, азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мөн Испанийн ерөнхий сайд Педро Санчес Канарын арлуудын засгийн газартай хамтран орон гэргүй болсон иргэддээ 2 төрлийн багц төлөвлөгөөг танилцуулжээ.
Үүнд:
- Галт уулын дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болж, эд хөрөнгөө алдсан иргэдэд яаралтай туслах.
- Эвдэрч сүйдсэн барилгууд, зам дэд бүтэц, хөдөө аж ахуйн зориулалттай газруудыг засварлах, мөн аялал жуулчлалыг эргэн сэргээх зэрэг багтаж байна.
“Cumbre vieja” галт ууланд 20 орчим сая куб/метр лаав хуримтлагдсан бөгөөд дэлбэрэлт 24-84 хоног үргэлжлэх төлөвтэй байна хэмээн Канарын арлуудын галт уул судлалын хүрээлэнгээс урьдчилсан тооцоолжээ.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес галт уул дэлбэрсний дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дээд хэмжээний долоо хоногт оролцох айлчлалаа цуцалж, Ла Палмийн гамшгийн бүс болгож зарласан юм.
Мөн өнгөрсөн сараас эхлэн Ла Палма нисэх онгоцны буудлыг түр хаасан хэвээр байгаа аж.
“Cumbre vieja” галт уулын хойд хэсэг нурж, их хэмжээний лаав урсан гарчээ | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.