Шууд Chart

БНЭУ коронавирусний вакцины экспортоо сэргээж байна

2021-10-16 10:56:05

Энэтхэг улс "Ковид-19" цар тахлын эсрэг вакцины экспортоо зургаан сар завсарласны эцэст сэргээлээ. Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусний халдварын тархалт давалгаалсны улмаас "Ковид-19" цар тахлын вакцины экспортоо зогсоосон юм.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч вакцины экспортоо пүрэв гарагаас сэргээж байгааг мэдээлжээ. Одоогоор Балба, Бангладеш, Мьянмар, Иран зэрэг орон руу коронавирусний вакциныг экспортолж байна.

Энэтхэг нь вакцин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг буюу дэлхийн зах зээлд гарч байгаа нийт вакцины 60 хувийг үйлдвэрлэдэг улс юм. Энэ үүднээсээ тус улс "Ковид-19" цар тахлын вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг авч, хөрш зэргэлдээ болон бүс нутгийн улс орнууддаа вакцин экспортолж байгаа юм. 

Гэвч тус улсад дөрөвдүгээр сарын сүүлчээр дотоодын халдвар давалгаалж, улмаар коронавирусний вакциныг гадаад зах зээлд гаргах боломжгүй болсон. Энэтхэгт тавдугаар сард өдөрт илэрсэн халдварын тохиолдол 400 мянга давж байсан юм.

Харин вакцины экспортоо зогсоож, иргэдээ вакцинжуулах хөтөлбөр нь үр дүнгээ өгснөөр 6-р сараас эхлэн тус улсад халдварын тархалт огцом буурчээ. Ингэснээр тус улс эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх боломж нээгдсэн.

Энэтхэг улс одоо вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар "Ковид-19" цар тахлын халдварыг зогсоох дэлхий нийтийн хүчин чармайлтад илүү их хувь нэмэр оруулна гэдгээ мэдэгдэж байна. Энэтхэг нь Энэтхэг, Номхон далайг чөлөөт, нээлттэй болгох "КУАД" эвслийн гишүүн.

Өнгөрсөн сард Вашингтонд болсон "КУАД" эвслийн Америк, Австрали, Энэтхэг, Япон зэрэг гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар "Ковид-19" цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дэлхий даяар 1.2 тэрбум тун вакцин хандивлахаа амласан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ коронавирусний вакцины экспортоо сэргээж байна   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй