Шууд Chart

ОХУ-д “Ковид-19” цар тахлын халдвар өндөр хэвээр байна

2021-10-16 11:28:42

ОХУ-д "Ковид-19" цар тахлын халдварт болон нас барсан хамгийн олон тохиолдол уржигдар бүртгэгджээ. ОХУ-д коронавирусний эсрэг вакцинд хамрагдах идэвх сул, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг журамлаагүйгээс халдварын тархалт өндөр хэвээр байна.

ОХУ-д уржигдар "Ковид-19" цар тахлын халдвар авсан 31.299 шинэ тохиолдол, нас баралт 986 бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Оросын иргэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах идэвх сул, амны хаалт зүүх, зай барих гэх мэт халдвар хамгааллын дэглэмийг хатуу журамлаагүйгээс тус улсад "Ковид-19" цар тахлын халдварын тархалт сүүлийн хэдэн 7 хоногт тасралтгүй өсөж, эрүүл мэндийн салбар нь өндөр ачаалалтай болжээ.

Иймд тус улсын холбогдох албаныхан худалдааны төвүүд болон метронд амны хаалт зүүх журмыг мөрдүүлэхээр чармайж буй юм байна. Оросын эрүүл мэндийн сайд 60-аас дээш насны иргэдийн дөнгөж 42 хувь нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж мэдэгджээ.

Мөн коронавируснйи эсрэг вакцин Оросын бүх муж бүс нутагт хангалттай байгааг Эрүүл мэндийн сайд нь онцолсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг вакцинжуулалтыг хурдасгах шаардлагатай байгааг онцолсон ч иргэдийг вакцин хийлгэхийг албадахгүй байхыг анхааруулжээ.

ОХУ нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах үүднээс цар тахлын эсрэг хөл хорио тогтоох бодлого барихаас зайлсхийж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д “Ковид-19” цар тахлын халдвар өндөр хэвээр байна   
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй