Шууд Chart

Их Британи: 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болно

2021-10-21 11:51:48

Их Британийн засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэх стратеги бодлогоо танилцууллаа. Энэ бодлогын дагуу тус улсын засгийн газар төсвөөс татаас олгох, цэнэглэх станцууд байгуулах зэргээр цахилгаан автомашины хэрэглээг дэмжих юм.

Их Британийн засгийн газар энэ сарын сүүлээр Глазго хотноо Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгаа үедээ Хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох бодлого танилцуулсан байна. Тус улсын засгийн газар ус төрөгчөөр ажилладаг технологийг сурталчлах, хүлэмжийн хий бага ялгаруулдаг онгоцны түлш гарган авахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн энэхүү шинэ стратегид нь Их Британийн эрчим хүчний системийг 2035он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй болгохын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ сан байгуулахаар тусгажээ. Тус улсын засгийн газар энэхүү стратегийн хүрээнд 2030 он гэхэд 440 мянган ажлын байрыг хадгалж, 124 тэрбум долларын хувийн хөрөнгө оруулалтыг татна гэж тооцжээ.

Энэ стратегийн хүрээнд Их Британийн түүхий нүүрснээс хамааралтай байдлыг багасгаж, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлснээр хэрэглэгчдийг дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаална гэж тооцоолж байгаа юм байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах үйл ажиллагааг улам өргөжүүлэхийг бусад улс орнуудад уриалжээ. Тэрбээр Их Британийн аж үйлдвэрийн ногоон хувьсгалыг дэмжих энэхүү хүчин чармайлт бусад улс орнуудад үлгэр жишээ болно гэж дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи: 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болно  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй