Шууд Chart

Владимир Путин АНУ-ыг Талибаны царцсан мөнгийг буцаахыг уриалав

2021-10-22 14:58:23

Владимир Путин Украин НАТО-ийн хамтын ажиллагаанд санаа зовниж байна. Мөн Владимир Путины жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлын товыг удахгүй зарлана.

Москва хотноо болсон олон улсын зөвлөлдөх уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон холбоотон орнуудад хандан Афганистаны царцсан хөрөнгийг гарган өгч, эдийн засгийн хүндрэлээ шийдэхэд нь туслахыг уриаллаа. Мөн тэрбээр “Афганистанд олон улсын хүмүүнлэгийн тусламж хүргэх нь зүйтэй” хэмээн пүрэв гарагт Сочи хот дахь “Валдай” хэлэлцүүлгийн клубт үг хэлэх үеэрээ онцолжээ. Тодруулбал, Афганистаны Засгийн эрхэнд гарсан Талибанд "эдийн засгаа сэргээхэд” нь туслах хэрэгтэй, тэр тусмаа эдийн засаг нь зогссон Афганистан улс хар тамхины үйлдвэрлэлтэй тэмцэж чадахгүй. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж, хүнд байдалд байгаа Талибаны Засгийн газартай бид найрсаг харилцах ёстой. Тэдний цаана Афганистаны жирийн иргэд байгаа хэмээн мэдэгдсэн юм.

ОХУ 2003 онд Талибан бүлэглэлийг “алан хядах байгууллага” хэмээн бүртгэж өнөөг хэр нь хар жагсаалтад оруулсан байдаг. Гэхдээ бусад орноос ялгаатай нь өнөөг хүртэл Кабулаас Элчин сайдын яамаа нүүлгээгүй. ОХУ-аас Кабулд суугаа Элчин сайд өнгөрсөн наймдугаар сард Талибанчууд Засгийн эрхэнд гарснаас хойш тэдэнтэй байнгын холбоо тогтоон ажиллаж байгаа юм. 

Мөн Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай 6 дугаар сард Женевт хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсын харилцаа ямар түвшинд байгаа дээр хэд хэдэн тайлбар өгсөн. Үүнд АНУ - ОХУ харилцан тохиролцсоны дагуу зэвсгийн хяналт, кибер аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж эхэлсэн байна. Хоёр орны харилцаа “зөв чиг”-рүүгээ орсон. Гэхдээ гэнэтийн тодорхойлоогүй зарим нэг асуудал тулгарч байна хэмээн онцолсон юм.

Харин Владимир Путин Украины асуудлаар ярихдаа тус улсыг АНУ болон НАТО дахь холбоотнуудтайгаа цэргийн харилцаагаа өргөжүүлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Украин улс НАТО-д албан ёсны гишүүн орноор элсэх боломжгүй ч нутаг дэвсгэртээ цэргийн сургуулилт хийж байгаа нь ОХУ-д заналхийлж байгаа үйлдэл юм хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч ярьсан.

Владимир Путины хэвлэлийн хурал 2001 оноос эхлэн жил бүрийн сүүлээр зохиогдож эхэлсэн. Гэхдээ 2008 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэл Путин Ерөнхий сайдын албыг хашиж байсантай холбогдуулан уг хэвлэлийн хурал түр завсарлаж байсан билээ. Харин 2012 онд эргэн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хэвлэлийн хурал үргэлжлэх болсон.

2020 оны арванхоёрдугаар сард болсон хэвлэлийн хурлын бараг бүх сэдэв цар тахлын нөхцөл байдалтай уялдсанаараа онцлог болсон байдаг. Сэтгүүлчдийн зарим нь хэвлэлийн хуралд биечлэн оролцсон бол зарим нь цахим хэлбэрээр оролцсон.

Энэ жилийн хэвлэлийн хурлын гадаад харилцаан дахь онцлог сэдэв нь ОХУ болон Талибаны харилцаа, хамтын ажиллагаа, Украин НАТО-ийн нөхцөл байдал, олон улсын эрчим хүчний хямрал, ДЭМБ-аас “Спутник V” вакциныг баталгаажуулах гэх мэт сэдвийн хүрээнд өрнөнө хэмээн тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин АНУ-ыг Талибаны царцсан мөнгийг буцаахыг уриалав  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй