Шууд Chart

Мельбурн хотын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлав

2021-10-23 11:48:26

Австралийн хоёр дахь том хот Мельбурны хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцаллаа. Тус хотын иргэдийн 70 гаруй хувь нь вакцины хоёр тундаа хамрагдаад байна.

Мельбурн хотын оршин суугчид 77 хоногийн турш мөрдөгдөж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдсан даруйд кафе, ресторан, үсчин, гоо сайхан, усан бассейн зэрэг үйлчилгээний газруудын гадаа урт дараалал үүсгэжээ.

Өнгөрсөн хугацаанд тус улсын эрх баригчид Мельбурн хотод нийтдээ 6 удаагийн хатуу хөл хорио тогтоосон юм. Энэ нь тус хотын иргэд 260 гаруй хоног хөл хорионд байсан гэсэн үг.

Хамгийн сүүлд долоодугаар сард Австралийн дийлэнх хотуудад коронавирусний дельта хувилбарын тархалт нэмэгдсэнээр дахин хөл хорио тогтоосон байна.

Сүүлийн хөл хорио 77 хоног үргэлжилсэн юм. Австралийн эрх баригчид Мельбурн болон бусад хотуудад хэтэрхий удаан хөл хорио тогтоосон гэх олон нийтийн шүүмжлэлүүдтэй тулгарч байсан юм. 

Тэгвэл эрх баригчдын энэ шийдвэр олон хүнийг халдвараас хамгаалж, амийг нь аварсан гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчид дүгнэсэн байна.

Австрали улсад коронавирусний халдвар бүртгэгдэж эхлэх үеэс өнөөг хүртэл 1590 хүн халдварын улмаас нас баржээ. Энэ нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Мельбурн хотод 2189 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас баржээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мельбурн хотын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлав  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй