Шууд Chart

Тайланд АНУ руу “ашиглагдаж байсан” эмнэлэгийн зориулалттай бээлий экспортложээ

2021-10-26 11:52:36

Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд АНУ их хэмжээний эмнэлгийн зориулалттай “өмнө нь ашиглагдсан бээлий” хүлээн авч байсан талаарх CNN агентлагийн бэлтгэсэн сурвалжилга ороод байна. CNN агентлаг холбогдох байгууллагуудтай хамтран 1 сарын турш эрэн сурвалжилж материал цуглуулсны эцэст, Тайландын нэгэн компани АНУ-руу хэрэглэгдэж бохирдсон эмнэлгийн зориулалттай нитрил бээлий нийлүүлж байсныг тогтоожээ.

Цар тахлын энэ цаг үед эмнэлгийн зориулалттай нэг удаагийн бээлийний эрэлт АНУ-д өндөр байна. Тиймээс АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газар цар тахлаас хамгаалах хэрэгслийн импортын шаардлагыг “түр хөнгөвчилсний” дараа Тайландаас хуучирч бохирдсон бээлийнүүд нийлүүлэгдэх болжээ.

Тайландын “Paddy the Room” компаниас АНУ руу экспортолсон эмнэлгийн зориулалттай бээлийг хуучирч муудсан, ашиглагдсан болохыг илрүүлэхээр CNN агентлагийн сэтгүүлчид сар гаруйн хугацаанд хил гаалийн ажилтнуудтай хамтран, импортын бүртгэлд шалгалт хийж тогтоожээ. Мөн эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулдаг байгууллагууд ч мэдээлэл өгч дэмжлэг үзүүлсэн байна.

Тухайлбал, Майамигийн бизнесмен Тарек Киршен Тайландад төвтэй "Paddy the Room" компаниас 2 сая долларын үнэ бүхий эмнэлгийн бээлий захиалжээ. Тэрбээр бараагаа захиалагчдадаа түгээсний дараа бээлий бохирдсон зарим нь цусны толботой байсан хэмээн гомдол ирсэн байна. Бизнесмен тэр даруй түгээлтээ эргүүлэн татаж, АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт мэдээлж, устгалд оруулжээ.

Одоогоор АНУ-ын эмнэлгийн хэрэгсэл худалдаалдаг байгууллагууд Тайландын "Paddy the Room"-ээс 200 сая бээлий хүлээн авсныг тогтоогоод байгаа ч бохир бээлийнүүд хаана хэрэглэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Харин Тайландын хүнс, эмийн чанарын хяналтын газраас тайлбар өгөхдөө "Paddy the Room" компанийн агуулахад шалгалт хийх үеэр цагаач ажилчид бээлийгээ дахин боловсруулж, угааж цэвэрлэж байсныг тогтоосон гэлээ.

Одоогоор АНУ болон Тайландын эрх баригчид уг хэрэгт "Paddy the Room" компанийн удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш эмнэлгийн зориулалттай нитрал бээлий “дэлхийн хамгийн аюултай бүтээгдэхүүн” болсон гэж CNN агентлаг онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайланд АНУ руу “ашиглагдаж байсан” эмнэлэгийн зориулалттай бээлий экспортложээ   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй