Шууд Chart

Суданд төрийн эргэлт гарч онц байдал тогтоолоо

2021-10-26 13:30:05

Тус улсын ард иргэд цэргийн дарангуйллын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд долоон хүн амиа алдаж, 140 орчим хүн шархадсан байна. Урьд шөнө цэргүүд нийслэл Хартум хотын айлуудаар явж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийг баривчилж эхэлсэн байна.

Тус улсад гарсан төрийн эргэлтийг олон улсын зүгээс буруушааж, АНУ 700 сая долларын тусламжаа зогсоолоо. Төрийн эргэлт гарсны дараахан тус улсын төв банк үйл ажиллагаагаа зогсоож, эмч нар яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд цэргийн эмнэлгүүдэд ажиллахаас татгалзаж байгаа гэж мэдэгдсэн байна. Цэргийн дэглэмийн эсрэг иргэдийн тэмцэл үргэлжлэх төлөвтэй байна хэмээн ВВС агентлагийн Арабын сурвалжлагч Мохамед Осман мэдээлжээ.

Харин CNN агентлагийн сурвалжлагч Мохамед Ахмед “Цэргийнхэн тэмцэл өрнүүлж байгаа иргэдийн эсрэг шууд “гал нээх” тушаалтай байна” хэмээн мэдэгдсэн юм.  Төрийн эргэлт зохион байгуулсан генерал Абдель Фаттах Бурхаан цэргийн ажиллагаанд “улс төрийн тогтворгүй” байдал нөлөөлсөн гэж мэдэгдсэн юм. 

Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн хойд Африкийн Судан улсыг 30 жил удирдсан Омар Хассан Аль Баширыг тус улсын Батлан хамгаалахын сайд огцруулснаар гурван сарын хугацаатай онц байдал зарлаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суданд төрийн эргэлт гарч онц байдал тогтоолоо  
Үзсэн: 3780 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй