Шууд Chart

Малчид охидоо малчин болгох дургүй

2021-11-10 12:07:25

Өчигдөр болсон “Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулганы зарим мэдээллээс онцлоход, өнөөдөр УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувь байна. Энэ хувь хэмжээг 30 хувь хүргэх манай улсын зорилт нь 2000 оноос эхтэй. Гэсэн ч эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, төлөөлөл доогуур хэвээрээ, олон улсад ч энэ үзүүлэлтээр 129-рт орж байгааг МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од тодотгов.

"Ковид-19" цар тахлын үед эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн түвшин 10 хүртэл функтээр буурсан байна.

Залуу малчдаас судалгаа авахад нийт оролцогчдоос 20 гаруй хувь нь хүүгээ, харин дөнгөж 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэжээ. Тиймээс хөдөөд боловсрол, эрүүл мэнд, нөхөн үржихүйг хамарсан цогц бодлого авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Жендэрийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны нийт санхүүжилтийн 96.4 хувийг олон улсын хөрөнгө оруулалт эзэлж байна. Тиймээс цаашид тухайн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт чухал байгааг чуулганд оролцогчид онцоллоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Цалинтай ээж” хөтөлбөрөөр ажил хөдөлмөр эрхлээгүй, 0-3 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сард 50 мянган төгрөг олгодог. Энэ жил 07 сарын 01-нээс эхлэн “Цалинтэй эцэг, эх” хөтөлбөр болгож өөрчилсөн. Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хөгжилд эмэгтэйчүүдийнхтэй яг адилхан анхаарах шаардлага тулгарч байна. Сүүлийн 10 жилд зөвхөн эмэгтэйчүүдийн хөгжилд анхаарч ирснээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндээс эхлээд олон асуудал хуримтлагджээ" гэсэн юм.  

ЭМЭГТЭЙ МАЛЧДЫН ХАЛАА ТАСАРЧ БАЙНА

Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн ахлагч Б.ОНОН: 

Малчдын хүйсийн харьцаа нь ярих ёстой асуудал яах аргагүй мөн. Манай залуу малчдын 75 хувь нь эрэгтэй байна. Ийм байдлаар хөдөөд залуу эмэгтэйчүүд суурьшиж амьдрахгүй, мал маллахгүй бол өрхөд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл тасалдах, малчдын залгамж халаа тасрах, түүнийг дагасан янз бүрийн сөрөг нийгмийн үзэгдэл гарах эрсдэлтэй. Тухайлбал, гэрлэлт дагасан шилжилт хөдөлгөөн ихсэж, гэрлэлттэй холбоотой сөрөг асуудал бий болно. Хүчирхийллийг ч өдөөнө.

Нөгөө талд малчдын хүүхдүүдийн боловсролд хамрагдах байдлаас ажиглахад малчин өрхийн залгамж халаа тасалдах дүр зураг мөн харагдаж байна.

Зургаан настай хүүхэд сургуульд орох болсонтой холбоотой залуу малчин гэр бүл тусдаа амьдардаг. Энэ бол зөвхөн амьдралын хэв маягт нөлөөлөөд зогсохгүй байгаль орчин, бэлчээрийн ашиглалтад хүртэл сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдсон. Энэ асуудлыг шийдэж байгаа сайн жишээ ч байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын сургууль дотуур байрандаа эцэг, эх байрлах тусгай өрөө гаргасан. Ингэснээр хот айлаа төлөөлж нэг ээж, эсвэл аав нь хүүхдээ дасан зохицоход нь тусалж дотуур байранд нь хамт амьдарна гэсэн үг. Мөн бусад хүүхдүүдэд ч тусална. Ингэж ээж, аавууд нь нэг нэгээрээ ээлжээр дотуур байранд хүүхдүүдтэй цуг амьдрах нөхцөл бүрдүүлсэн сайн жишээ бий. Энэ сайн туршлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж нэвтрүүлэхээр бид төлөвлөж байна.   

Мөн хөдөөд өрх толгойлсон малчин эмэгтэйчүүдийн орлого эрэгтэйчүүдийнхээс 30 хувиар бага байгаа нь ядууралд өртөх нөхцөлийг бий болгож байна. 

 Э.ГЭРЭЛТ-ОД: ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИЙГ ЭРЭГТЭЙ ЗАГВАРТ ОРУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ АЛДАА

Харамсалтай нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг тааз гэж хараад байна. Энэ бол нэг хүчин зүйл. Мөн сонгуулийн тогтолцоо шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нэлээн хязгаарлагдмал.  Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад сонгуулийн мажоритари тогтолцоо пропорционал тогтолцооноосоо 10 хувиар доогуур эмэгтэйчүүдийг гаргадаг гэж дүгнэдэг. Гуравдугаарт улс төрийн санхүүжилтийн асуудал. Манайд энэ талбарт хяналтгүй асар их санхүүжилт явдаг. Би хувьдаа санхүүжилтийг хязгаарлах, ил тод болгох нь залуус, эмэгтэйчүүдийн улс төрд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байна. Энэ гурван асуудлыг шийдэхгүйгээр эмэгтэйчүүдийн оролцоо өснө гэхэд итгэхгүй. Шийдэх гол түлхүүр нь улс төрийн намуудад бий. Намуудын хүсэл эрмэлзлэл хэрэгтэй.

-Монголчуудын эмэгтэйчүүдийг эрчүүдийн хойно тавьдаг хэвшмэл ойлголт үүнд хэр нөлөөлдөг бол?

-Үүнийг судалж байна. Судалгаанаас харахад, иргэд нам, эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот байх ёстой гэж үзэж ханддаг нь тодорхой байна. Мөн хоёр хүн өрсөлдөгчөөс эмэгтэйг сонгох хандлага ч байна. Энэ өнцгөөс харвал манайд хэвшмэл хандлага харьцангуй бага байна гэж хувьдаа дүгнэнэ.

-Мөн эмэгтэйчүүдийн алдааг маш том болгож хөөсрүүлдэг, чадахгүй, мэдэхгүй болгож харагдуулахыг хичээх явдал байна уу гэж харддаг. Таны хувьд? 

-Хоёр талтай. Тэгж ч мөн харагдуулаад байна. Үүнд троллууд, сошиалын онцлог нөлөөлж магадгүй. Бид эмэгтэй улс төрчийг эрэгтэй улс төрчийн загварт оруулах гэж зүтгээд байгаа нь хамгийн том алдаа. Мөн нийгмийн сүлжээгээр эрэгтэй улс төрчдөд хариуцлага тооцдоггүй хэрнээ эмэгтэй улс төрчдөд илүү хариуцлага тооцох гээд байдаг. Энэ нь эмэгтэйчүүдээс илүү зүйл хүлээдэгтэй холбоотой байж болох юм. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Малчид охидоо малчин болгох дургүй   
Үзсэн: 2281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй