Шууд Chart

БНХАУ-ын төв хэвлэл сураггүй болсон теннисчний дүрс бичлэгийг нийтэд үзүүлэв

2021-11-21 11:27:25

БНХАУ-ын төрийн хэвлэл сураггүй болсон гэгдэж байгаа теннисчний дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлжээ. Дэлхийд чансаагаараа нэг үе тэргүүлж байсан теннисчин Пэн Шуай энэ сарын эхээр Хятадын төрийн зөвлөлийн орлогч сайд Жан Гаоли өмнө нь бэлгийн дарамт учруулж байсан талаар сошиал хуудсандаа бичсэний дараа сураггүй боллоо гэж Хятадын сошиал орчинд төдийгүй олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.

Хятадын Коммунист намын англи хэл дээр мэдээлдэг "Глобал таймс" сонины цахим хуудаст тамирчин Пэн Шуай дасгалжуулагч, найз нартайгаа ресторанд хооллож байгаа дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлжээ. Уг бичлэг Бээжингийн цагаар энэ бямба гарагийн үйл явцыг харуулсан байна гэж тус мэдээлэлд онцолсон байна.

Сонины сэтгүүлч “Сүүлийн хэд хоногт Пэн Шуай гэртээ амарсан байна. Тэрбээр удахгүй олон нийтийн өмнө гарч, зарим үйл ажиллагаанд оролцох болно” гэж мэдээлэлдээ дурджээ.

Энэ хэргийн талаар олон улсын түвшинд шүүмжлэл, уриалга нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчид нөлөө бүхий сэтгүүлчдийн мэдээллээр дамжуулан болгоомжлол, шүүмжлэлийг зогсоохыг чармайж байна гэж зарим хэвлэлд онцолжээ.

Одоо 32 настай теннисчин Пэн Шуайн сошиалд бичсэн мэдээлэл тэр даруйдаа Хятадын сошиал сүлжээнээс устгагдаж, интернетэд нэрээр нь мэдээлэл хайхыг хориглосон.

Үүний дараа АНУ-ын засаг захиргаа болон НҮБ-ын Хүний эрхийн байгууллага Пэн Шуайг эсэн мэнд, аюулгүй байгааг болон хаана байгааг нь нотлохыг Хятадын эрх баригчдад хандан уриалжээ. Мөн дэлхийн теннисийн алдар цуутай тамирчид Пэн Шуайд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын төв хэвлэл сураггүй болсон теннисчний дүрс бичлэгийг нийтэд үзүүлэв   
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй