Шууд Chart

Вьетнам улс аялал жуулчлалын том аралдаа гадны жуулчдыг хүлээн авч эхэллээ

2021-11-21 11:34:21

Вьетнам улс "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш анх удаа амралт зугаалгын хамгийн том арал Фу Куокийг гадны жуулчдад нээлээ. Арлыг албан ёсоор жуулчдад нээсний дараа өчигдөр тус арал дээр Өмнөд Солонгосын 200 гаруй жуулчин ирсэн байна.

Фу Куок аралд ирж байгаа гадны жуулчдад "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх, ирэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн Пи Си Ар шинжилгээний сөрөг хариутай бол тусгаарлалтаас чөлөөлөх шаардлага тавьж байгаа юм байна.

Мөн жуулчдыг зөвхөн чартер буюу тусгай үүргийн нислэгээр ирэх, жуулчны компаниас гаргасан зориулалтын байранд байрлах, зөвхөн аяллын хөтөлбөрт багтсан газруудаар аялах шаардлага тавьж байна.

Вьетнам улс энэ сарын дунд үеэс эхлэн улс орныхоо аялал жуулчлалын зарим бүсэд гадны жуулчин хүлээн авч эхэлсэн. Тус улсын Засгийн газар гадны жуулчин авах аялал жуулчлалын газруудын тоог аажмаар нэмэгдүүлэх, зарим үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтуудаа сулруулахаар төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ Вьетнам улс ирэх оны 3-р улирлаас эхлэн гадны жуулчдыг ямар нэгэн нөхцөлгүйгээр хүлээж авахаар төлөвлөж буй юм байна. Тус улс цар тахлын эхэн үед хатуу хязгаарлалт тогтоосон ч эдийн засагт нь ирсэн сөрөг нөлөөллийг арилгахаар чармайж байна.

Өнгөрсөн 10 дугаар сард Вьетнамын Засгийн газар ресторан, үйлдвэрүүдээ цар тахал тархаж байгаа газруудад байрлаж байсан ч ялгаагүй бүгдийг нээхийг зөвшөөрсөн. Тус улсад "Ковид-19" цар тахлын халдварт тохиолдлын тоо өнгөрсөн сард өдөрт 3000 болж буурчээ. Гэвч энэ тоо одоо дахиад өсөж, сүүлийн өдрүүдэд өдөрт 10 мянга давж бүртгэгдэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вьетнам улс аялал жуулчлалын том аралдаа гадны жуулчдыг хүлээн авч эхэллээ   
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй