Шууд Chart

Европ даяар шинэ хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

2021-11-22 13:44:09

Бельгийн нийслэл Брюссель хотод олон мянган жагсагчид  Ковидийн эсрэг арга хэмжээг эсэргүүцэн жагсч байна. Зарим жагсагчид салют буудсаны хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буугаар жагсагчид руу шүршжээ.

Тодруулбал, жагсагчид Ковидийн тасалбар ашиглахыг эсэргүүцэж байгаа бөгөөд энэхүү тасалбар нь вакцинд хамрагдаагүй хүмүүсийг ресторан, уушийн газар гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудад нэвтрэхийг хориглодог юм.

Австрийн Вена хотод мөн даваа гарагаас эхлэн шинэ хорио тогтоох шийдвэр гарсны дараа олон мянган иргэд эсэргүүцэн бямба гарагт гудамжинд жагсаж эхэлсэн. Бямба гарагт Роттердам хотод болсон эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, жагсаалд  оролцогчид цагдаа нар руу салют буудаж, унадаг дугуйнуудыг шатаасан байна.

Мөн Австри, Хорват, Итали зэрэг бусад Европын орнуудад мөн адил жагсагчид гудамжинд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Бельгичүүд амны хаалтаа байнга зүүж, 12 дугаар сарын дунд үе хүртэл долоо хоногт дөрвөн өдөр гэрээсээ ажиллах шаардлагатай тулжээ. Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг заавал вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Европ даяар коронавирусын тохиолдол нэмэгдэж байгаад "маш их санаа зовж" байгаагаа мэдэгдсэн юм.

Нидерландын Гаага хотын цагдаа нар морь, нохой, бороохой ашиглан цугласан олныг хөөхөд, юүдэнтэй үймээн дэгдээгчид унадаг дугуйнуудыг шатаажээ. Хорватын нийслэл Загреб хотод төрийн албан хаагчдыг заавал вакцинд хамруулахыг эсэргүүцэн жагссан бол Италийн Ром хотод мөн ажлын байр, хоолны газар, нийтийн тээвэрт зорчихдоо ашиглах "Ногоон тасалбар"-ын гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн.

Францын эрх баригчид Карибын тэнгисийн Гваделупа арал дээрх эмх замбараагүй байдлыг дарахын тулд олон арван цагдаа илгээжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Их Британи, Герман улсуудад бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас одоогоор аялал жуулчлалын дүрэмд өөрчлөлт оруулах төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ даяар шинэ хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй