Шууд Chart

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан боллоо

2021-11-26 16:17:07

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой энэ удаагийн хурлаар хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ.

Тухайлбал, "Ковид-19" цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа манай улсын зүгээс хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.

Мөн "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх, чөлөөт бүс, хийн хоолойн төсөл зэрэг томоохон төслүүдийн талаар зарчмын байр сууриа нэгтгэлээ.

Ирэх 12 дугаар сарын 1-нээс агаарын замын харилцаа сэргэж байгаа учраас талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, ирэх 100 жилд илүү өргөн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга, хатагтай В.В.Абрамченко энэ үеэр онцолж байв.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаанаар байгуулсан Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахад Монголын хэсгийн даргын хувьд хяналт тавих болно гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв. 


Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан боллоо   
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй