Шууд Chart

Листвяжная уурхайн ослын улмаас уурхайн удирдлагуудыг саатуулж, эрүү үүсгэлээ

2021-11-27 11:44:16

ОХУ-ын Сибирийн бүс нутгийн Кемерово мужийн Листвежная нүүрсний уурхайд гал гарсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Одоогоор тус уурхайн удирдлагууд болон Беловскийн нутаг дэвсгэрийг хариуцсан хэлтсийн улсын ахлах байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж байна.

Нүүрсний уурхайн дэлбэрэлттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны үеэр тухайн бүс нутгийг хариуцсан улсын байцаагч нар уурхайд “бодит үзлэг” хийлгүйгээр шалгалт хийсэн тухай акт гаргажээ. Эдгээр байцаагч нарт ОХУ-ын эрүүгийн хуулийн 293-р зүйлийн 3-т заасан хэт хайхрамжгүйгээс олон хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр долоон жилийн хорих ял оноох юм.

Мөн уурхайн удирдлагуудад үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаагүй гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн 3 дахь заалтад үндэслэн 7 хүртэлх жилийн ял оноох юм. Арваннэгдүгээр сарын 25-ны өглөө Кемерово мужийн Листвяжная уурхайд осол гарах үед 285 хүн уурхайн гүнд байжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр осол гарсан уурхайгаас нэг уурхайчин амьд олдлоо гэж Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдэв. Одоо уурхайд гурван аврах анги буюу 17 хүн ажиллаж байна.

Уурхайн ослын улмаас 52 хүн амиа алдсан бөгөөд тэдний 46 нь нүүрсний уурхайн ажилтнууд 6 нь онцгой байдлын аврагч байна. Мөн амьд гарсан хүмүүсээс 49 нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэдний 38 нь уурхайчид, 11 нь аврагч байгаа юм.

Ослын шалтгааныг урьдчилсан дүгнэлтээр уурхайд метан хий дэлбэрснээс болсон гэж үзсэн байна. Тухайлбал, 2007 онд 110 уурхайчны аминд хүрсэн том осол мөн л Кемерова мужийн уурхайд гарч байсан юм.

Листвяжная уурхай нь тус улсын шилдэг 3 нүүрс олборлогчдын нэг болох "Угол Холдинг"-т харьяалагддаг байна. Тус компаниас хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.

Мөн Кемерова мужид гурван өдрийн гашуудал зарлажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Листвяжная уурхайн ослын улмаас уурхайн удирдлагуудыг саатуулж, эрүү үүсгэлээ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй