Шууд Chart

Европын эмийн агентлаг хүүхдийн "Пфайзер" вакцинд зөвшөөрөл олголоо

2021-11-27 11:59:20

Цар тахлын шинэ давлагаанд өртөж байгаа Европын орнууд халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан 5-11 насны хүүхдүүдийг "Пфайзер" вакцинд хамруулахыг зөвшөөрлөө. Ингэснээр Европын холбооны 27 гишүүн орон анх удаагаа 12 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулах гэж байна.

Европын холбооны Эмийн бүтээгдэхүүний зохицуулагч Европын эмийн агентлаг 5-11 насны хүүхдэд зориулсан "Пфайзер" вакциныг өчигдөр эцэслэн баталлаа. Тус агентлагийн зөвлөж байгаагаар 5-11 насны хүүхдүүд гурван долоо хоногийн зайтайгаар 10 микрограмм вакциныг хоёр удаа хийлгэх юм. Энэ нь насанд хүрсэн хүний 30 микрограмм вакцины гуравны нэгтэй тэнцэх хэмжээ юм.

Ирэх 12-р сараас эхлэх 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт нь ялангуяа коронавирусний хүндрэлээс 90-ээс дээш хувь хамгаалж байна гэж Европын эмийн агентлагаас мэдээлсэн юм.

Халдварын тархалт маш өндөр байгаа Австри улсын эрх баригчид Европын эмийн агентлагийн зөвшөөрлийг хүлээгээгүй бөгөөд 5-11 насныхныг вакцинжуулж эхэлсэн байна. Герман, Нидерландад одоо хүүхдүүд өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд хүүхдүүийн вакцинжуулалтыг нэн даруй эхлэх нь цар тахлын дөрөв дэх давлагааг хумихад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан энэ долоо хоногийн эхээр Европын холбооны бага насны хүүхдүүдэд зориулсан вакциныг 12-р сарын 20-ноос тээвэрлэж эхэлнэ гэж мэдэгдээд байна. АНУ, Канад, Израил, БНХАУ, Саудын Араб тэргүүтэй орнууд 5-11 насны буюу бага насныхныг вакцинжуулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын эмийн агентлаг хүүхдийн "Пфайзер" вакцинд зөвшөөрөл олголоо  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй