Шууд Chart

Омикрон хувилбарын тархац нэмэгдэж, улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2021-11-29 11:44:55

Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хэд хэдэн оронд коронавирусний шинэ хувилбар Омикроны тохиолдлууд бүртгэгдсэн. Тиймээс улс орнууд энэ хувилбарын тохиолдол анх бүртгэгдсэн Өмнөд Африкаас ирэх зорчигчдын хязгаарлалтыг чангатгалаа.

Нидерландын эрүүл мэндийн албаныхан баасан гарагт Өмнөд Африкийн нислэгээр ирсэн зорчигчдоос 13 хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдэгдсэн.

Австралид мөн Омикроны хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж ням гарагт мэдээлсэн. Энэ хоёр тохиолдол Африкийн өмнөд хэсгээс тус улсад ирээд байсан бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан байжээ. Үүний хариуд Австралийн засгийн газар Африкийн есөн орноос жуулчдыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.

Их Британид Омикранаар халдварласан гурван тохиолдол илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдээлсэн. Эдгээр тохиолдол мөн л Өмнөд Африкаас зөөвөрлөгдөн орж иржээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Манай улсад нэвтэрсэн хүн бүр ирснийхээ дараа хоёр дахь өдөр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, хариу гартал өөрийгөө тусгаарлахыг шаардана” гэж мэдэгдсэн.

Данийн эрүүл мэндийн албанаас мөн ням гарагт тус улсад анхны тохиолдолд бүртгэгдсэн гэж мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн АНУ, Өмнөд Африкийн орнуудад зориулсан аялал жуулчлалын зөвлөмжөө “4 дүгээр түвшинд буюу Бүү аял” болгон нэмэгдүүлсэн байна.

Япон улс мөн хилийн хяналтаа чангатгаж, Өмнөд Африкийн есөн орноос ирэх иргэдийг хилээр нэвтэрсний дараа 10 хоногийн турш тусгай зориулалтын байранд ажиглалт хийх ёстой гэж тус улсын засгийн газар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотой долоогийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарыг даваа гарагт яаралтай хуралдуулж, дэлхий даяар тархалтыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ Их Британи мэдэгдлээ. Тус улс энэ жил Их долоог даргалж байгаа юм.

Мөн Өмнөд Африкийн ерөнхийлөгч, "Вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс дэндүү олон байна. Яг одоо л бидний вакцин хийлгэх цаг юм. Вакцинжуулалт нь өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг Омикрон хувилбараас хамгаалах хамгийн чухал бөгөөд бидний хэрэгжүүлж чадах арга зам мөн. Дөрөв дэх давлагааны нөлөөллийг бууруулах болно. Улс орнууд дахин хилээ хааснаар дэлхийн эдийн эргэн хямарч эхэлнэ. Тиймээс эдийн засгаараа тэргүүлэгч том гүрнүүд, хөгжиж буй орнууд ард түмэндээ хангалттай тун вакциныг цаг алдалгүй олж авах, үйлдвэрлэх хүчин чармайлтыг дэмжих хэрэгтэй." гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Омикрон хувилбарын тархац нэмэгдэж, улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ   
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй