Шууд Chart

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан болов

2021-11-29 15:25:12

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит 23 дугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Хуралдааныг монголын талаас Шадар С.Амарсайхан, оросын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй,  байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, байгаль орчин, болосвролын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцож, дүнгээр нь Протокол байгуулав.

"Ковид-19" цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр ярилцав. Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа  бүхэлдээ амжилттай хөгжиж буйг тэмдэглэж,  “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын суурь бүтцийг шинэчлэх, тарифыг индексжүүлэх ажлыг үе шаттайгаар урагшлуулах, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах ажлыг идэвхжүүлэх, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх чиглэлээр тохиролцсон төслүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.



Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлэх, хөдөө аж ахуйн техникийн паркийг шинэчлэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр талын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн санал солилцож, Улаанбаатар хотод хамтарсан сургууль байгуулах ажлыг шуурхайлахаар тогтов.

Хоёр улсын хоорондын шууд нислэг сэргээх нь бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал болохыг Комиссын Үндэсний хэсгийн дарга нар тэмдэглэж, онгоцны нислэгийн хуваарийг шуурхай тохиролцох үүргийг агаарын тээвэр хариуцсан байгууллагуудад өгөв.

Шадар сайд С.Амарсайхан манай улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Хөвсгөл нуурын ёроолыг цэвэрлэх төслийг оросын талтай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Оросын талаас Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд хамтын ажиллагаа идэвхжүүлэх боломжийн талаар танилцуулга хийв.

Талууд Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө идэвхтэй ажиллахаа нотлов.

Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд ЗГХК-ын Тээврийн ажлын хэсгийн 16 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, олон чухал тохиролцоонуудад хүрэв. Энэ ондоо багтаан ЗГХК-ын хүрээнд ажилладаг бусад дэд комисс, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулахаар тогтов.

Энэхүү хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой боллоо гэж талууд үзэв.


Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан болов  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй