Шууд Chart

“Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих нь” сэдэвт хуралд оролцов

2021-11-30 11:22:19

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-ын урилгаар 2021 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдсан “Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих нь” сэдэвт хуралд оролцов.

Хурлыг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Изабел Дюран болон Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн нар нээж үг хэлэв.

Хурлын үеэр Монгол, Лаос, Этиоп, Узбекистан Улсын төлөөлөгчид болон НҮБ-ын судалгааны байгууллагуудаас танилцуулга хийж, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Этиоп Улсаас кофе, Лаос Улсаас эрдэнэ шиш, Узбекистан Улсаас хатаасан жимс экспортлох, дэд бүтцийг өргөжүүлэх, логистикийн үйл ажиллагааг сайжруулах, тээврийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд илтгэлдээ, худалдаа тээврийг хөнгөвчлөх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх, хөрш орнуудаар дамжин далайд гарах, тээврийн бусад төрлүүдийг хөгжүүлэх зэргээр худалдаа тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг даван туулах чиглэлээр нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байгаа талаар дурдаад, олон улс, бүс нутгийн хэмжээнд худалдаа тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийн холболтуудыг нэмэгдүүлэх санал, санаачилгуудыг дэмжин ажиллаж байгаагаа онцлов.

Мөн далайд гарцгүй орнуудын хувьд хуурайн боомтыг хөгжүүлэх замаар тээвэр худалдааг хөнгөвчлөх ажлыг эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэйг онцлон тэмдэглээд, цаашид худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хамтран ажиллах, хил, гааль, цагдаа, тээврийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, олон улсын тээвэрлэлтийн бичиг баримтыг нэгтгэх чиглэлээр хамтран ажиллах, дэвшилтэт техник технологийг ашиглан олон улсын тээврийн хяналтын системд нэгдэх, түүгээр дамжуулан мэдээлэл солилцох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналыг дэвшүүлэв.

Цаашид Монгол Улс олон улсын тээвэр логистикийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, тохиромжтой дэд бүтцийг бүтээн байгуулах, олон улсын боомтууд хооронд болон өөрийн улс дотроо бараа бүтээгдэхүүнийг бүх төрлийн ачаа тээврийн хэрэгслээр шат дамжлагагүйгээр, саадгүй тээвэрлэх нөхцөл боломжийг хангах чиглэлээр шинэлэг санаачилга, арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зүгээс энэ чиглэлийн судалгааны ажлыг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхий эдийн экспортоос хамааралтай далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг бүсийн болон дэлхийн өртгийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ЗТХЯ


“Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих нь” сэдэвт хуралд оролцов  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй