Шууд Chart

Гэм зэмээс бий болсон “Гэм зэм”

2021-11-30 12:05:05

Тахлын үеийн театр

санагдсаныг нуух юун.

Түүнчлэн “Орфей” театрын үүдээр ороход л гоё ганган үзэгчдээс гадна 100-200 жилийн өмнө европт мода болж байсан загварын хүрэм, даашинз өмссөн жүжигчид нэгдүгээр давхарт холхиж байв. Тэдгээр жүжигчний зарим нь үзэгч бүр эхний нүүрт Родион Романович Раскольниковын зураг, түүний үйлдсэн гэмт хэргийн талаарх бичвэр нийтлэгдсэн “Петербургийн мэдээ” сонинг тарааж байв. Тухайн мөчөөс л “Орфей” театрын уран бүтээлчид “Гэм зэм” жүжигт ямар их сэтгэл дэвссэн нь мэдрэгдсэн.

Дараагийн давхарт “Харри Поттер”-ийн “ертөнц”-ийн Hogwarts шидтэний сургуулийн ханан дээрх хөдөлгөөнт уран зургуудыг санагдуулам дөрвөн жижиг тайз угтав. Нэг жижиг тайзан дээр нь Фёдор Достоевский өөрийн бүтээлээ туурвиж байсан бол бусад жижиг тайзанд Раскольников уушийн газарт хоёр найзтайгаа сууж байгаа, мөн тэрбээр ганцаар сүх барин сууж буй, Соня буюу Софья Семеновна Мармеладова “Болор ордон”-ы нэгэн өрөөнд өөр нэгэн охины хамт ёс бус “үйлчилгээ” авахаар ирэх эрчүүдийг хүлээн сууна. Хамгийн гайхамшигтай нь үзэгчид өөрсдөө хүсвэл тэрхүү жижиг тайз руу нэвтрэн орох, тухайн үзэгдлийн нэгэн хэсэг болох боломж хэн бүхэнд нээлттэй байв. Тэр мөчид цар тахал устаж алга болоогүй, одоо ч бидний эргэн тойронд байсаар байтал уран бүтээлчид болон үзэгчид Улсын онцгой комиссын дүрэм журмыг баримтлан “болзож” байгаа нь манай улс цар тахалтай тэмцэж, уг тэмцэлд тодорхой хэмжээнд ялалт байгуулсны илэрхийлэл гэсэн бодол төрөв. Энэ “ялалтын баяр”-ын “ширээ”-г “Орфей” театрын уран бүтээлчид болон “Русский дом”-ын хамт олон үнэхээрийн гоё, тансаг зассан байв.

Орчин үеийн театр

Одоо бодохнээ нэг, хоёр давхар зүгээр л “халаалт” байж. Гуравдугаар давхарт театрын танхим дахь үзэгчид бүр жинхэнээсээ хормын төдийд орон зай, цаг хугацааны аялал хийсэн. “Гэм зэм” жүжиг хоёр хэсэгтэй. Эхний хэсгийг жүжгийн зохиолчид, найруулагч “Гэм зэм” романд хуудас хүрэхгүй бичигдсэн үйл явдлаар буюу шүүх хурлын хэсгээр “жааз”-ласан нь үнэхээрийн төгс шийдэл, хүлээлтээс давсан найруулга байлаа. Энэ хэсгийн улсын яллагч /гавьяат жүжигчин Д.Ганцэцэг/, Разумихин /Д.Түвшинбаяр/, Зосимов /Х.Цасчихэр/, Заметов /У.Эрдэнэбаяр/-ын дүрийн хөгжүүлэлт дэгстүүлж хэлэхэд Достоевский өөрөө үзсэн бол би яагаад ингэж бичээгүй, сэтгээгүй юм бэ гэж халагламаар төгс байсан бөгөөд жүжигчид ёстой тултал тоглосон.

Дэлхийн уран зохиолын өв санд олныг цочроосон олон гэмт хэрэг байдгаас олны анхаарлыг татсан, одоо ч маргаан дагуулдаг гэмт хэргийн нэг нь Родион Романович Раскольниковын мөнгө хүүлэгч эмгэн болон дүүг нь сүхээр хөнөөсөн аллага. Хэтэрхий хэрцгий, уншигчдыг цочирдуулам уг гэмт хэргийн аллагын зэвсгийг Фёдор Достоевскийн “Гэм зэм” романыг өөрийн орны хэлнээ орчуулсан нэгэн орчуулагч олс болгож” засварлах”-аар санаархсан талаар ч уншиж өнгөрч байлаа. Харин найруулагч, түүний уран бүтээлчдийн баг хамгийн их айж, эмээж байсан тэр үйл явдлыг маш өвөрмөц хийгээд философилогоор тайзан дээр дүрсэлсэн байв. “Гэм зэм” жүжгийн эхний хэсгийг товч дүгнэвэл эхлэлээсээ төгсгөл хүртлээ адреналиныг дээд цэгт хүртэл ялгаруулсан.

“Гэм зэм” жүжгийн хоёрдугаар хэсэгт дөрвөн монолог гардаг. Бүр “Гэм зэм” жүжгийн харилцан яриануудаас ийм монолог гарсан гэж үү хэмээн гайхшрал төртөл уран цэцэн, үнэн, одооны нийгэмтэй наалдсан монологуудыг жүжгийн зохиолчид /Я.Баяраа, Э.Бүжинлхам/ гаргаж ирсэн байв. Найруулга, жүжигчдийн ур чадвар уг жүжгийн зохиолчдын тархиа гашилгаж (магадгүй гашилгаагүйгээр ч биччихсэн байж болно, гэхдээ классик бус түвшний зохиолчдоос ийм гүйцэтгэл гарна гэдэгт огтоос итгэлгүй байна) эвлүүлсэн тэдгээр үгсийг үзэгчдийн сэтгэлд аваачиж “наах” үүргээ үнэхээрийн төгс биелүүлж чадсан. Мөн эхний буюу шүүх хурлын хэсгийн хууль шүүхийн байгууллагыг “чимхээд” авсан, Улсын яллагчийг бүр “дэлсэж” орхисон дүрүүдийн харилцан яриа хөвөнд боосон чулуу адил байлаа.

Найруулагч М.Батболдын “Фауст” постдрамдаа ашигласан нэг дүрийг олон жүжигчний тусламжтай бүтээх, жүжиг доторх кино-жүжиг гэх мэтийн “чимэглэл” “Гэм зэм” постдрамд ч мөн давхацсан. Энэ арга барилаа зөв газраа, оновчтой шигтгэсэн нь бүх л үзэгчийг алмайруулсан. Цаашлаад М.Батболдын “Фауст” постдрамын тайзыг минимал гэж тодорхойлвол “Гэм зэм” постдрам ч мөн минимал, гэхдээ илүү “smart” буюу ухаалаг болжээ.

Нийгмийн захиалга

Жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчид Достоевскийд түүний “Гэм зэм” романд захирагдалгүй үндсэн санаа, философийг гээлгүй улам баяжуулсан нь олзуурхууштай. Цаашлаад уг бүтээл Монголын хөрсөнд тун амжилттай буусан нь, үзэгч бүр ам сайтай байгаа нь “Гэм зэм” романы үндсэн өгөгдөл дээр өнөөгийн нийгэм, цаг үеийн “гэм зэм”-ийг дүрслэн харуулсанд оршин буй болов уу. Найруулагч М.Батболд “Фауст”, “Гэм зэм” гэсэн уран зохиолын ноён оргилтой зууралдаж, мэдээж ард нь нэр хүндтэй гарсан нь өөрийгөө найруулагчийн хувьд хүлээн зөвшөөрүүлэх, нэр алдарт хүрэх гэсэн хүсэл бус 200 орчим жилийн өмнө “Фауст”-д, 155 жилийн өмнө “Гэм зэм”-д дүрслэгдсэн асуудал Монголын өнөөгийн нийгэмд ч оршин буй, амьсгалсаар байгааг урлаг, уран сайхны “хэл”-ээр “шүгэлдэх” мэргэжлийнхээ үүрэг “роль”-оо гүйцэтгэж байна гэж харлаа.

Хатуухан хэлэхэд Фёдор Достоевскийн “Гэм зэм” роман гоц ухаант алуурчин болон биеэ үнэлэгч хоёр биедээ хайртай болсноор, бие биенээ гэм нүгэлтэй нь хамт хайрласнаар дуусдаг. Гэхдээ гэм нүгэлтэй нь хамт хайрлалаа гээд залуу нь бүсгүйгээ ариун бус явдлаа үргэлжлүүлэхийг, бүсгүй нь залууг гэмт хэргийнхээ ял шийтгэлээс зайлсхийхийг зөвшөөрдөг гэсэн үг биш. Мөн дээрх хоёр дүрийг тойрон хүний эрхийн зөрчил, боолчлол, бүр хүн худалдаалах гэмт хэрэг ч гэмээр үйл явдлууд өрнөдөг. Түүнчлэн гэм зэм үйлдсэн дүр бүхэн нийгмийн, байгалийн, бүр “ширэнгэ”-ийн хуулиар зохих шийтгэлээ хүртэж төгсдөг.

Гэм зэмийг даган ирэх ял шийтгэлээс хэрхэн бултах вэ, мэдээж ямар ч боломжгүй. Тэгвэл хэрхэн зайлсхийх вэ энэ харин боломжтой, гаргалгаа нь гэм зэмгүй л амьдрах хэрэгтэй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэм зэмээс бий болсон “Гэм зэм”  
Үзсэн: 2301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй