Шууд Chart

Бельги улсад цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо

2021-12-06 21:20:44

Европ тивд цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан улс орны эрх баригчид дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал улам ширүүсэх төлөвтэй болж байна.

Тодруулбал, ням гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод цар тахлын үед засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал боллоо. Хэдэн мянган жагсагчид Бельгийн нийслэл хотын төвөөр дамжин Европын холбооны төв байр байрладаг хороолол хүртэл тайван жагсжээ. Гэвч хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр иргэд, цагдаа нарын эсрэг салют, чулуу зэргийг ашигласан байна. Үүний улмаас цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буугаар хариу үйлдэл үзүүлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Баасан гарагт Бельги улсын Ерөнхий сайд Александр Де Кроо сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах тухай мэдэгдсэн. Мөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх эрүүл мэндийн ажилтнууддаа коронавирусний эсрэг дархлаажуулалтыг заавал хийлгэх шийдвэрийг гаргасан. Ажилчдад дархлаажуулалтад хамрагдах гурван сарын хугацааг олгоно. Энэ хугацаанд вакцинд хамрагдаагүй бол шинжилгээний сөрөг хариу болон коронавирус тусаад эдгэсэн гэрчилгээг тогтмол шаардана. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ажилтны гэрээг түдгэлзүүлж ажлаас түр чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

Бельги улсад долоо хоногт дунджаар 17862 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад халдварын тохиолдол 6 хувиар өссөн байна. Харин эмнэлэгт хэвтсэн хүний тоо 4 хувиар өсжээ.Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш 27 мянга гаруй хүн коронавирусний улмаас нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельги улсад цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй