
Дэлхийн хэд хэдэн улс Беларусийн төр засагт хориг тавьсны хариу болгож, Минск Европын холбоо, АНУ, Канад, түүнчлэн Норвеги, Албани, Исланд, Умард Македон, Их Британи, Монтенегро, Швейцар улсаас зарим төрлийн бүтээгдэхүүн импортлохоо зогсоохоор шийдвэрлэжээ. Эдгээр улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний импортын хориг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна.
Беларусийн Засгийн газраас гаргасан тогтоолд гахай, үхрийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үрийн зориулалтын бус ногоо, жимс, самар, мал амьтны гаралтай өөх тос, чихэр, давс зэрэг багтжээ.
Гэхдээ Бүгд Найрамдах Беларусь Улс иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тиймээс Беларусийн иргэд хувьдаа хэрэглэх зорилгоор хил нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүнд хориг үйлчлэхгүй гэсэн байна. Түүнчлэн хүүхдийн тэжээл зэрэг зарим бүтээгдэхүүнийг хориглохгүй. Үүнтэй зэрэгцээд хэрэглээний зах зээлийг эх орны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авна гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тус улс энэ оны эхний 10 сарын хугацаанд хориг тогтоосон дээрх улс орнуудаас 560 гаруй сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсон байна.
Европын холбоо энэ сарын 2-нд Беларусийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээ авч, Беларусийн 17 иргэн, 11 байгууллагыг багтаасан. Энэ өдөр АНУ-ын Сангийн яам ч мөн Беларусийн төрийн бондтой холбоотой хязгаарлалт тогтоож, цагаачлалын хямрал, иргэдийн эрх чөлөөг боомилсон асуудлаас болоод 20 иргэн, 12 хуулийн этгээд, гурван онгоцыг хоригийн жагсаалтад оруулжээ. Түүнчлэн Их Британи, Канад Улс Беларусьт хориг тавьснаа зарласан юм.
Беларусийн төр засагт зарим улс хориг тавьжээ | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.