Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар хэлэлцээ хийжээ

2021-12-09 11:35:34

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нар өнгөрсөн мягмар гарагт хэлэлцээ хийлээ. Хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн онлайн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Украины хил орчимд Оросын цэрэг дайчдыг байршуулсан асуудал болон өрнөдийн орнууд Оросыг Украин руу дайран орох гэж байна гэсэн болгоомжлол байсныг хэвлэлүүдэд мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уулзалтын үеэр Украин руу халдан довтолж, цэрэг дайны зөрчилдөөн үүсгэсэн тохиолдолд эдийн засгийн болон бусад хатуу хориг арга хэмжээг авах болно гэдгийг анхааруулсан гэдгийг Цагаан ордноос мэдээлжээ.

Түүнчлэн Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмждэгээ илэрхийлээд, яриа хэлэлцээнд шилжихийг уриалсан байна.

Үүний зэрэгцээ Путин, Байден нар кибер аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал, Ираны атомын зөрчилдөөн зэрэг сэдвийг хөндсөн гэжээ.

Тэгвэл Кремлиэс Путин, Байден нарыг нээлттэй, ажил хэрэгч байдлаар хэлэлцээ явуулсан гэж мэдээлсэн байна. Путин энэ үеэр НАТО-г Украины нутаг дэвсгэрийг эзэмших аюултай оролдлогууд хийж байгаа учир Оросын хилийн дагуу цэрэг дайчдаа нэмэгдүүлсэн. Тиймээс НАТО зүүн чиглэл рүү өргөжин тэлэхгүй, Оростой хөрш орнуудад довтолгооны систем байршуулахгүй гэсэн найдвартай баталгаа ёстой гэжээ. Түүнчлэн Путин дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагаанд тавьдаг хязгаарлалтаа зогсоохыг Байденд уриалсан байна.

Уг дээд хэмжээний уулзалт нь Путин, Байден нарын энэ онд хийсэн хоёр дахь яриа хэлэлцээ юм. Тэд өнгөрсөн долоодугаар сард Женевт биечлэн уулзсан ч хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон байна.

Путин, Байден нарын хэлэлцээний дараа АНУ-ын цэргийн төсвийн төслөөс “Умардын урсгал-2” хийн хоолойн хоригийн заалт алга болсон талаар зарим хэвлэлд мэдээллэсэн. Америкийн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Путины ойрын хүрээллийн 35 хүнд хориг тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй ч хэлэлцээр хийсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар хэлэлцээ хийжээ   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй