Шууд Chart

Жулиан Ассанж онц дэглэмтэй хориход байх хугацаандаа бичил цус харвалтад өртжээ

2021-12-13 15:47:56

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Английн нийслэл Лондон хотын онц дэглэмтэй Белмарш хориход байх хугацаандаа бичил цус харвалтад өртсөнийг түүний сүйт бүсгүй Стелла Моррис “Дэйли Мэйл” хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

Түүний хэлснээр “Ассанжийн биеийн байдал өнгөрсөн аравдугаар сарын 27-нд муудсан” гэв.

Тэр өдөр тэрбээр АНУ руу өөрийг нь шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн  шүүх хуралд видеогоор оролцсон гэнэ. Ингээд удалгүй мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг үүсэж, баруун зовхи нь унжиж, ой санамжаа алджээ. 

“Бичил харвалт нь шүүх ажиллагаанаас үүдэлтэй стресс, эрүүл мэндийн байдал нь ерөнхийдөө муудсанаас болсон” гэсэн байна. Өдгөө тэрбээр харвалтын эм бэлдмэл хэрэглэж байгаа гэнэ.  

Сүйт бүсгүй Моррис нь Ассанжийг хориход удаан байх тусам эрүүл мэнд, амь насанд нь аюул учирна гэж мэдэгдсэн байна. Учир нь бичил цус харвалт нь жинхэнэ цус харвалтын урьтал болдог, маш сөрөг үр дагавартай гэж тэмдэглэжээ.

Энэ сарын 10-нд Лондоны Дээд шүүхээс Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Үүнийг Олон улсын сэтгүүлчдийн холбоо эсэргүүцсэн юм. Тус холбооноос Ерөнхийлөгч Жо Байденд улс төрийн зорилготой мөрдлөг шалгалтаа зогсоож, Ассанжид үүсгэсэн хэргээ хаахыг уриалсан байна.

Ассанж өдгөө батлан даалтаар суллагдах нөхцөлийг зөрчсөн асуудлаар Лондоны онц дэглэмтэй Белмарш хориход ял эдэлж байна. Түүнийг АНУ-д эрүүгийн 18 хэргээр яллаж байгаа бөгөөд үүгээрээ нийт 175 жилийн хорих ял сонсох төлөвтэй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Жулиан Ассанж онц дэглэмтэй хориход байх хугацаандаа бичил цус харвалтад өртжээ  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй