Шууд Chart

Итгэмээргүй сонин явдлууд...

2014-06-03 11:50:37

Хүний амьдралд заримдаа итгэхийн аргагүй, ер бусын зүйл тохиолдох нь бий. Тэдний заримаас нь сонирхуулъя.

 

-1930 онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок нэгэн нялх хүүхдийн амийг аварчээ. Түүнийг хотын гудамжаар алхаж явтал өндөр байшингийн цонхноос нэгэн хүүхэд унаж иржээ. Тэрхүү хүүхэд Фиглокийн толгой дээр унаж ирсэн бөгөөд азаар хүү болоод бас залуу эрийн хэн хэн нь гэмтэлгүй өнгөрчээ. Гэтэл түүнээс яг нэг жилийн дараа Жозефыг тэр гудамжаар явж байтал мөн өнөөх цонхноос нөгөө хүү дахин унаад иржээ. Жилийн өмнө явдал дахин болж хүү, эр хоёр мөн л эсэн мэнд өнгөрчээ.

-1973 онд жүжигчин Энтони Хопкинс Жорж Фейферийн романаас сэдэвлэн бүтээх “The Girl From Petrovka” кинонд тоглохоор болжээ. Лондонд тэрхүү зохиолын хувилсан эхийг ч олоход бэрх байсан тэр үед Энтони Хопкинст нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Хопкинс галт тэрэгний буудлын сандал дээр хэвтсэн нэгэн хавтастай зүйл олсон нь тэрхүү романы зохиолч Жорж Фейферийн гараараа бичсэн жинхэнэ эх нь байсан аж. Фейфер гар бичмэлээ найзынхаа машинд орхитол тэр нь найзынх нь машинаас хулгайд алдагдчихсан байсан аж. Харин тэрхүү зохиолоор хийх кинонд тоглохоор сонгогдсон жүжигчин нь галт тэрэгний буудал дээрээс олсон ажээ.

-Италийн хаан Умберто Монза хотод нэгэн жижиг ресторанд хоол идэхээр өөрийн генерал Эмилио Понзиа-Ваглиа болоод бусад бараа бологчдынхоо хамт оржээ. Хааны захиалсан хоолыг рестораны эзэн өөрийн гараар авчрах үед хаан нэгэн зүйлийг ажигласан байна. Тэрхүү рестораны эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан байж. Ингээд хаан тэрхүү эртэй ярилцан тэд бие хаагаараа ч бус бусад олон зүйлээрээ адилхан болохыг олж мэджээ. Рестораны эзэн Умберто хаантай адил 1844 оны 3-р сарын 14-ний өдөр төрсөн байж. Түүний төрсөн хот нь хааныхтай адил, рестораны эзний эхнэрийн нэр хааны гэрлэсэн бүсгүйн нэртэй адил Маргарита гэдэг байжээ. Түүнчлэн тэр эрийн ресторанаа нээсэн өдөр нь Умбертогийн Италийн хаан ширээнд суусан өдөртэй давхцаж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Рестораны эзэн 1900 оны 7-р сарын 29-ний өдөр Италийн хаан Умберто анархист үзэлтнүүдэд хороогдсон тэрхүү эмгэнэлт өдөр нууцлагдмал нэгний суманд өртөн амиа алдсан байна.

-Америкийн нэртэй зохиолч Анн Парриш 1920 онд Парист нэгэн хуучны номын дэлгүүрээр оржээ. Тэрбээр өөрийн хүүхэд ахуй цагтаа хамгийн их дуртай байсан Жак Фрост болон түүнд тохиолдсон явдлууд нэртэй номоо худалдан авчээ. Тэгээд гэртээ авчраад нөхөртөө номоо өгөхдөө “Энэ ном яагаад ч юм миний бага насыг санагдуулаад байх юм” хэмээн хэлсэн аж. Нөхөр нь уг номыг нээгээд үзтэл эхний хуудсан дээр нь “Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs.” гэсэн бичиг байх нь тэр. Тэрхүү хаяг нь Анн Парришийн хүүхэд ахуй цагтаа амьдардаг байсан газрын хаяг аж. Хүүхэд ахуй цагийг нь санагдуулсан номоо худалдан авахдаа алдарт зохиолч өөрийнхөө эзэмшдэг байсан номоо авснаа гэртээ ирсэн хойноо мэдсэн нь тэр ажээ.

 


Итгэмээргүй сонин явдлууд...  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй