Шууд Chart

Индонез нүүрс экспортын хоригоо сулруулж, 37 хөлөг онгоц нүүрс гаргахыг зөвшөөрлөө

2022-01-15 11:57:48

Тус улсын Далайн тээвэр, хөрөнгө оруулалтын зохицуулах яамны мэдэгдэл, хориг тавьсан хугацаанд дотоодын хэрэглээгээ хангаж амжсан учраас эрх баригчид ийм шийдвэр гаргасан гэж дурджээ.

Тус яамны мэдэгдэлд энэ оны 1 дүгээр сарын 1-нээс экспортын хориг хэрэгжих хугацаанд нүүрс олборлогч компаниуд цахилгаан станцуудад 15 хоногийн турш хангалттай хэмжээний нүүрс нийлүүлж, эрчим хүчний хямралыг тодорхой хугацаанд зохицуулсан гэжээ. Иймээс эрх баригчид шаардлагыг хангасан нүүрс олборлогч 3 компанийн экспортын хоригийг зөөлрүүлээд байна.

Өнгөрсөн оны сүүлээр Индонезийн Эрчим хүчний яамнаас дотоодод эрчим хүчний хямрал үүсэх эрсдэл өндөр байгааг сануулсны дараа тус улсын Засгийн газар нүүрсний экспортод хориг тавьж эхлээд дотоодын хэрэглээгээ хангахыг нүүрс олборлогчдод үүрэгдсэн юм. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг цочирдуулсан явдал болсон бөгөөд БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш шууд өсч эхэлсэн. Одоогоор 37 хөлөг онгоц нүүрс гаргахыг зөвшөөрч байгаагаас энэ долоо хоногт эхний 14 хөлөг онгоц нүүрс тээвэрлэхэд бэлэн болжээ. Усан онгоц тус бүр  хэр хэмжээний нүүрс тээвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Индонезийн эрх баригчид нүүрсний дотоодын нийлүүлэлт хямарсанд дотоодын  олборлогч компаниудаа буруутгасан юм. Ингээд Индонезийн цахилгаан станцууд дотоодын олборлогчдоос нүүрсийг тонн тутамд нь 70 ам.доллароор авахаар болсон юм. Мөн уурхайчид нийт олборлолтынхоо 25 хувийг дотооддоо худалдах шаардлагатай болсон байна.

Индонезийн Эрчим хүчний яамнаас пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар тус улсад нүүрс олборлогч 631 компани байна. Үүнээс 490 орчим нь дотоодын хэрэглээгээ хангах үүргээ хараахан биелүүлээгүй. Эдгээр 490 нүүрс олборлогчид Индонезийн нийт олборлолтын 35-40 орчим хувийг эзэлдэг. Мөн 490 компанийн 418 нь дотоодын цахилгаан станцуудад нэг ч тонн нүүрс худалдаагүй байна. Нэг үгээр хэлбэл Индонезийн нүүрс олборлогч компаниуд эхлээд дотооддоо нүүрсээ худалдах үүргээ биелүүлж байж гадагш экспортлох эрхтэй болно гэсэн үг. Одоогоор нийлүүлэлтээ “тэг”-лүүлсэн  Австрали улсын нүүрсний уурхайнуудын хувьцаа өссөөр байна. Нэгэн цагт Хятадын гол нийлүүлэгч байсан Австралийн нүүрс нэг тонн нь 270 гаруй ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсан бол өнөөгийн байдлаар нэг тонн нь 150 орчим долларт хэлбэлзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез нүүрс экспортын хоригоо сулруулж, 37 хөлөг онгоц нүүрс гаргахыг зөвшөөрлөө  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй