Шууд Chart

Украины Засгийн газрын вэб сайт руу халджээ

2022-01-15 12:12:01

Барууны орнууд болон ОХУ-ын хооронд цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой хэлэлцээр нааштай үр дүнд хүрэхгүй байгаа энэ үед хакерууд Украины Засгийн газрын хэд хэдэн вэб сайтыг устгасан тухай мэдээллийн агентлагууд мэдээллээ.

Украины Засгийн газар Гадаад хэргийн яам, Боловсролын яам болон бусад агентлагуудын цахим хуудас пүрэв гарагийн оройноос эхлэн ажиллахаа больжээ.

“Украинчууд аа! Компьютер дээрх бүх өгөгдөл устаж, сэргээх боломжгүй болсон. Та нарын талаарх бүх мэдээлэл олон нийтэд ил болсон” гэсэн утгатай мессежийг хакерууд украин, орос болон бусад хэлээр бичиж үлдээжээ. Ийм том хэмжээний кибер халдлагыг хэн үйлдсэнийг Украины Засгийн газар шалгаж байна. Улс төрчдийн хувийн мэдээлэл алдагдсан нь одоогоор батлагдаагүй байна.

2014 онд Москва Крымийг тус улсаас өөртөө нэгтгэснээс хойш Украины зүүн хэсэгт ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид болон Засгийн газрын хүчний хооронд тулаан үргэлжилсээр байна.

Украины Аюулгүй байдлын алба болон бусад төрийн байгууллагууд халдлагыг шалгаж, дижитал хэлбэрийн нотлох баримт цуглуулж байна. Засгийн газар халдлага тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бусад вэб сайтаа хаасан тухай Украины Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Болсон үйл явдалд АНУ болон холбоотон орнууд санаа зовниж байгаа бөгөөд тусламж үзүүлнэ” гэж мэдэгдлээ.

Умард Атлантын Гэрээний байгууллагын нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Украинд туслах санал тавьсан байна.

Харин Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч “ОХУ өөрийн улсын эсрэг кибер халдлага үйлдэж ирсэн урт түүхтэй” гэж мэдэгдсэнийг иш татан "Ассошиэйтед Пресс" мэдээллээ.

АНУ-ын эрх баригчид Москваг олон нийтийн сүлжээгээр хагалан бутаргах, Украинд хөндлөнгөөс оролцохоо зөвтгөх зорилгоор ашиглаж байна гэж үзэж байна.

ОХУ саяхан Украинтай хиллэдэг хил дагуу 100.000 орчим цэргээ байршуулаад байна. Барууны орнууд энэ асуудлаар ОХУ-ын төлөөлөлтэй хэд хэдэн уулзалт, хэлэлцээр хийсэн ч нааштай үр дүнгүй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Засгийн газрын вэб сайт руу халджээ   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй