Шууд Chart

Ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

2022-01-17 16:48:14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан танилцуулсан. 


Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор байгуулагдсан Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаанбуудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласныг тодотгоод Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Зуунмод, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Сүмбэр сумдын тариаланчид, ногоочидтой, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Майнд Тэч” ХХК, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өег” гурилын үйлдвэр, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Сүхбаатар сумын тариаланчид, ногоочидтой, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэр, “Түмэн шувуут” ХХК, “Агро фийд” тэжээлийн үйлдвэр, Хөдөө аж ахуйн сангийн үйл ажиллагаатай танилцлсан гэж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс тариалангийн салбарын хөгжлийг тогтворжуулах, бие даасан байдлыг хангах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, таримлын зохистой сэлгээ, үр сортын бодлогыг хэрэгжүүлэх, усалгаатай тариаланг хөгжүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй. Цаашид 2021 оны тариалалтаад тариалалтаас аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээр байгаа үлдэгдэл хүнсний болон тэжээлийн улаанбуудайг стандартын дагуу ангилж, дахин хэмжээг тогтоож, зохих стандарт руу шилжүүлж, борлуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн “Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд авсан зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, зээл төлөвлөлтийн хугацаа болон борлуулалт хүндэрсэн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа үрийн улаанбуудай болон хүнсний улаанбуудайн чанарын асуудалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарын асуудалд онцгой анхаарч, тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэх, ургамал хамгааллын бодис импортлох зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангаж ажиллах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, техник-технологийн шинэчлэлийг донор орнуудын болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэдгийг Ц.Туваан гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор байгуулагдсан Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаанбуудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаад дараах дүгнэлтийг гаргаж байна. 

1.Стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих, тогтворжуулах, эрсдэлээс хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах; 

2.2021 оны намрын ургацаас борлуулагдаагүй байгаа стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тоо хэмжээг аж ахуйн нэгж, иргэний нэрээр шинэчлэн гаргах, улмаар улаанбуудайн гурил экспортлох боломжийг  судалж, гурилын үйлдвэрүүдтэй хамтран борлуулалтыг идэвхжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

3.Төмс, хүнсний ногооны салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төмсний үрийн шинэчлэл хийх, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх  замаар хүнсний ногооны тариалах талбай, хураан авах ургацыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээний 80 хүртэл хувийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4.Хөрсний үржил шимийг хамгаалах, таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх замаар малын тэжээл болон бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, рапсын тариалалтыг нийт тариалсан талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. 

Цаашид салбарын үйл ажиллагааг дэмжих хүрээнд одоо ашиглаж буй тенхник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, хүнс хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төрөөс цогц бодлогоор дэмжих, Хөдөө аж ахуйг дэмжих санг бие даасан  үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Аубакир нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  

Гишүүдийн зүгээс хэлсэн үгэндээ хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодотгоод “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ уг тогтоолын төсөлд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн гамшигт өртсөн төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг  нөхөн олгох, дэмжлэг үзүүлэх  асуудлыг шийдвэрлэх  гэсэн заалт нэмэх санал гаргав.

Мөн говийн бүсэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай тул тогтоолын 15 дугаар заалтыг “нийслэл хот болон говийн хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудыг түшиглэн өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуй, хадгалалт борлуулалтын цогцолбор төв  байгуулахад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, хүлэмжинд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтийн цагийн хугацааг уртасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж өөрчлөх, төсөлд туссан “эрэлтэд суурилсан хүнсний ногооны үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлох, боловсруулах үйлдвэр, төрийн болон бусад  байгууллагуудын худалдан авалтаар борлуулалт нь  баталгаажсан төмс, хүнсний ногоонд  мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж шийдвэрлэх” гэсэн заалтад 03 дугаар сарын 15-ны өдөр  гэж нэмж тусган хугацааг тодорхой болгох шаардлагатай  гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хорооны тогтоолын төсөлд нэмж тусган, редакцын засвар  хийж, тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй