Шууд Chart

Нурсултан Назарбаевын зээ хүүг албан тушаалаас нь чөлөөллөө

2022-01-18 11:43:03

НУРСУЛТАН НАЗАРБАЕВЫН 3 ХҮРГЭН АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Абиш Саматыг тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөллөө. Түүнээс гадна Нурсултан Назербаевын гурван хүргэн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байна.

Тодруулбал, "Казахстаны төрийн тэргүүний тушаалаар Абиш Саматыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны, нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөлөв" гэж зарлигийн эх бичвэрт дурджээ.

Тэгвэл энэ сарын 15-ны өдөр Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын бага охины нөхөр Димаш Досанов нь Казахстаны төрийн өмчит "КазТрансОйл" компанийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын албан тушаалаа орхисон юм. Мөн Дарига Назарбаевагийн нөхөр Кайрат Шарипбаев нь Казакгаз хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаасаа огцорчээ.  Үүнээс гадна Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын дунд охин Динарагийн нөхөр Тимур Кулибаев нь,  бизнес эрхлэгчдийн үндэсний танхимын тэргүүлэгчдийн даргын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгджээ. “Өнөөдрөөс эхлэн би бизнес эрхлэгчдийн үндэсний танхимын тэргүүлэгчдийн даргын ажлаа өгөхөөр шийдлээ” гэж тэрбээр тус танхимын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Гэвч тэрбээр огцрох болсон шалтгаанаа тайлбарлаагүй юм. Кулибаев,  Динара нар нь  Казахстаны нэр нөлөө бүхий Ардын банкийг эзэмшдэг байна. Одоогоор Казахстанд, тэр дундаа Алматы хотод болсон эмгэнэлт үйл явдлыг мөрдөн шалгах, энгийн иргэдийн дунд амиа алдсан хүмүүсийн тоог нарийн тогтоох, шинэ зохицуулалтын тогтолцоог боловсруулж, эгзэгтэй нөхцөл байдалд аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах зэрэг үүрэг даалгавар холбогдох албаныханд өгсөн гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.

Шатахууны үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор Казахстаны хэд хэдэн хотод нэгдүгээр сарын 2-нд эсэргүүцлийн жагсаал болж, хэдхэн хоногийн дараа томоохон хотууд, тэр дундаа Алматы хотод үймээн самуун болон даамжирсан.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болж байгаа үйл явдлыг террорист заналхийлэл гэж нэрлээд, ХАБГБ-ын энхийг сахиулах хүчнээс тусламж  авсан юм. Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев олон нийтийг хамарсан жагсаалын улмаас онц байдал зарласан. Тэгвэл байдал намжсан гэж үзээд бямба гарагийн үдээс хойш  17 бүсээс 10-д нь онц байдлыг цуцлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нурсултан Назарбаевын зээ хүүг албан тушаалаас нь чөлөөллөө  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй