Шууд Chart

COVID-19: Бээжинд омикрон хувилбар бүртгэгдлээ

2022-01-18 12:41:47

Өвлийн Олимпын наадмаас өмнө коронавирусний тархалтын тэглэх зорилт тавьсан БНХАУ-ын хэд хэдэн хотод Омикрон хувилбарын халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Бээжин хотод коронавирусний Омикрон хувилбар бүртгэгдлээ.

Гэвч БНХАУ-ын хэмжээнд Омикрон хувилбарын хэчнээн тохиолдол бүртгэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.  Гэхдээ халдварлах чадвар өндөр Омикрон хувилбар нь дор хаяж таван мужид илэрсэн нь хязгаарлалтын дэглэмүүдийг улам чангатгасаар байгаа юм. Харин шинжээчид БНХАУ-д халдварын дэгдэлт буурахгүй бол одоогоор өсөлтөө хадгалж байгаа тус улсын эдийн засаг удааширч, цаашид буурах аюултай гэж дүгнэлээ. Өнгөрсөн бямба гарагт нийслэл Бээжин хотод Omicron хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн.

Тухайн иргэн сүүлийн 14 хоногийн дотор  худалдааны төвүүд, ресторанаар үйлчлүүлж, мөн он гарснаас хойш Бээжин хотоос гараагүй байна. Омикрон хувилбар бүртгэгдсэн Хайдиан дүүрэгт 13 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулахад батлагдсан тохиолдол илрээгүй байна. Омикрон хувилбарын тархалт Макаотой хиллэдэг бүс нутгаас орж ирсэн байх магадлал өндөр байгаа.  Бээжингийн зарим оршин суугчид удахгүй болох сар шинийн баяраар  хөл хорионд орж магадгүй гэсэн болгоомжлолтой байна. 2020 оны эхээр цар тахал дэгдэж эхэлснээс хойш БНХАУ Ковидийн эсрэг хатуу бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Харин ковидыг тэглэхэд чиглэсэн хязгаарлалтууд нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээний хямралыг улам хурцатгасаар байна гэж ажиглагчид үзэж байгаа. Халдвар ихтэй омикрон хувилбар нь тээврийн салбарт бас нэг том цохилт болж магадгүй гэсэн гэж ING-ийн шинжээчид онцолж байна. 

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ, өнгөрсөн жил дэлхийн хамгийн ачаалалтай гурав дахь боомт болох Нинбо-Жоушаньд байрлах гол терминалаа хааж байсан. Энэ нь нэг ажилтнаас нь Ковидын халдвар илэрсний дараа гарсан бөгөөд тус улс хоёр дахь удаагаа гол боомтуудаа үйл ажиллагаагаа зогсоосон явдал байсан юм. Харин цаашид Омикрон хувилбарын тархалт өндөр байвал нийлүүлэлтийн сүлжээний хямрал ч үргэлжилсээр байх төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

COVID-19: Бээжинд омикрон хувилбар бүртгэгдлээ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй